Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Дулмаа: Сайхан амьдралд хүрэхийн тулд бидний аюулгүй байдал хамгаалагдсан байх ёстой. Иймээс ҮСХ амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг эхлүүлээд байна

Огноо
Унших
9 минут 39 секунд

Өнөөгийн нийгэмд хүний эрхийн зөрчил олон янзаар бидэнд мэдрэгдэх болсон. Тухайлбал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй талаарх асуудлыг сүүлийн үед иргэд ихээр хөндөж буй. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгааны зорилго, ач холбогдол, хамрах цар хүрээ зэрэг асуудлаар ҮСХ-ны нийгмийн статистикийн хэлтсийн дарга Ц.Дулмаагаас тодрууллаа.

-Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааны талаар ерөнхий мэдээллийг бидэнд өгөхгүй юу?

-Монгол Улсын статистикийн хуулийн дагуу Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг манай улс анх удаагаа хийж байна. Уг судалгаагаар судлах хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг судална. Энэ нь бидний алхам тутамд хөндөгдөж байгаа аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хоёрдугаарт, хохирсон байдал. Хохирсон байдлын асуудал нь олон улсад хүний эрхийн асуудал хэмээн хөндөгддөг. Хохирсон байдлын судалгаагаар хүний эрхийн хэм хэмжээ тухайн улсад ямар байна вэ гэдгийг олон улсад харуулна гэдэг утгаараа ач холбогдолтой. Статистикийн байгууллага НҮБ-ын гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газартай хамтран асуулга, үзэл баримтлалаа боловсруулж судалгаагаа эхлүүлээд буй нь энэ юм. Есдүгээр сарын 1-нээс мэдээлэл цуглуулалт явагдаж эхэлсэн. Одоогийн байдлаар 200 гаруй өрхийг судалгаанд хамруулаад байна.

-Аюулгүй байдлын судалгаа гэдэгт юу, юуг багтаан үзэж байна вэ?

-Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа нь үндсэн гурван бүлэг асуулгатай. Нэгдүгээрт, өрхийн асуулга. Өрхийн гишүүний асуулгад бусад судалгаанд түгээмэл байдаг асуулгууд багтсан байдаг. Мөн энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн асуулгадаа анхаарал хандуулж судалж байгаа. Учир нь нийгмийн эмзэг бүлэг рүү хохирол илүү байж болзошгүй гэдэг утгаараа ийнхүү фокуслаж байгаа юм.

Хоёрдугаарт, өрхийн гишүүний асуулга. Энэ бүлэг асуулгад иргэдийн амьдрах орчин хүрээлэн байр байдлыг судална. Тухайлбал, иргэн таны амьдарч буй орчин аюулгүй байна уу, үер усны аюулаас хамгаалагдсан байж чадаж байна уу, замын түгжрэл байна уу, хүрээлэн буй орчинд экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна уу, бэлчээрийн даац ямар байна вэ зэргээр хэлж болно. Түүнчлэн сургуулийн орчин дахь аюулгүй байдал, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэрэг тогтвортой хөгжлийн асуудлууд ч орж ирж байгаа. Авлигалын асуудал ч бий. Иргэдийн үзэл бодол гэсэн хэсэг байгаа. Тэнд хөршийн харилцаа холбоо, хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэд яаж ажилладаг вэ, иргэдийн оролцоо ямар байдаг вэ, хохирсон тохиолдолд хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ зэрэг асуулгууд багтаж байгаа. Ерөнхийдөө бүх л хуулийн байгууллагуудын хэмжээнд хохирлыг барагдуулах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг гаргаж ирэх зорилготой.

Гуравдугаарт, хохирсон байдлыг судална. Амьдрах орчны аюулгүй байдлыг судлах бүлгийн төгсгөл рүү "Та сүүлийн гурван жилд ямар нэгэн гэмт хэргийн улмаас хохирсон уу" гэх асуулт бий. Тухайн асуултуудад хохирсон гэж хариулбал хэд хэдэн гэмт хэргийн төрөл үүсгэж, асуулга үргэлжлэх юм. Хүний эрх хамгийн их зөрчигддөг газар нь эрүүгийн гэмт хэргийн ертөнц болон хүний амьдарч буй орчин байдаг. Энэ хоёрт үндэслэж бусад улсууд судалгаагаа хийдэг.

-Монгол Улс хохирсон бүлгийн судалгааг гаргаж өгч чадахгүйгээр өнөөдрийг хүрсэн -

-Судалгаа өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс эхлээд буй юм байна. Та бүхний зүгээс 70 хоногт 8 мянган өрхийг судалгаандаа хамруулна гэсэн байсан. Зорилтот хугацаандаа өрхүүдээ бүрэн хамруулж дуусах боломжтой гэж та бүхэн харж байна уу?

-Статистикийн байгууллага эхнээсээ төлөвлөлтөө хийдэг. Асуулга, үзэл баримтлалаа боловсруулсны дараа айл өрхүүдэд цаасан маягтаар туршдаг. Нэг айлаас хэчнээн захидал мэдээллийг авах боломжтой байна вэ гэдгээ судалдаг. Олон бүлтэй, цөөн бүлтэй ч айл бий. Зарим өрхөд олон удаа хохирсон байдал ч илэрнэ. Хохирсон байдал гэдэгт эрүүгийн гэмт хэргийн 16 төрлийг бид сонгож авсан. Монголд түгээмэл тохиолддог хулгай, дээрэм зэрэг хэргийг сонгон авсан. Нөгөө талдаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй иргэд их байдаг. Улсын хэмжээнд хоёр удаагийн туршилт хийсэн. Эхлээд цаасан маягтаар туршсан. Туршилт хийсэн байдлаасаа харахад, өдөрт нэг баг 6 өрхөөс судалгаагаа авах боломжтой. Түүгээрээ тооцож 70 хоногт 8 мянган өрхийн мэдээллийг авна гэж тооцоолж, 20 баг гарган ажиллаж байна.

-Ер нь судалгааны ач холбогдлыг хэрхэн харж байна вэ. Судалгаанаас гарсан үр дүнд суурилсан арга хэмжээ авах тал дээр ҮСх хэрхэн ажиллах вэ?

-Бид мэдээллийнхээ хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд судалдаг. Манайд тогтвортой хөгжлийн үзүүлэлт дундаас хууль зүйн салбарын тогтвортой хөгжлийн найман үзүүлэлтийг судалж гаргахаар төлөвлөгөөнд оруулсан байгаа. "Алсын хараа 2050"-ийн хоёр ч бүлэгт багтсан амар тайван аюулгүй амьдрах, хүнд ээлтэй хот гэх мэт бүлгүүдийн мэдээллийг гаргах шаардлагатай байгаа юм . Үүний үр дүнгээс бодлого, хөтөлбөрөө үнэлж байж хэрэгжилт ямар байгааг мэдэх боломж бүрдэнэ гэсэн үг шүү дээ. Тиймээс бодлого хөтөлбөрийг үнэлэх боловсруулах тоон мэдээллийг гаргах ёстой. Манай үндсэн үүргүүдийн нэг нь энэ юм. Мөн Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсон. Энэ утгаараа гэрээ конвенцын хэрэгжилтийг хангах шаардлага байдаг. НҮБ-ын гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газартай хамтарч энэхүү судалгааг хийж байна. НҮБ-ын гэмт хэргийн чиг хандлагын судалгаа дундаас хохирсон бүлгийн судалгааг манай улс гаргаж өгч чадахгүйгээр өнөөдрийг хүрсэн. Иймээс хохирсон бүлгийн судалгааг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн.

-Судалгааны үр дүн хэзээ бэлэн болох вэ?

-Судалгааны үр дүнг 2024 оны тавдугаар сарын сүүл гэхэд бэлэн болгоно гэсэн тооцоололтой байгаа. Сонгуулиас өмнө үр дүнг гаргах юм.

-Судалгаа гэхээр төвөгшөөх хандлага олон нийтэд ажиглагдах нь бий. Энэ удаагийн судалгааны мэдээллээ олон нийтэд хүргэх чиглэлд хэрхэн ажилласан бэ. Иргэдийн оролцоо хэр байгаа вэ?

-Ямар ч өрхөд суурилсан судалгааг явуулахад есөн үе шатыг дамждаг. Бид сурталчилгааны ажлаа бүрэн хийсэн. 8 мянган өрхдөө мессеж дамжуулсан. Аймаг, дүүргийн Засаг дарга нарт бичиг хүргүүлсэн. Шат шатандаа өөрсдийн арга хэмжээг авч ажиллаж байна. Хүний эрхийг судална гэдэг бидний өөрсдийн маань өдөр тутмын амьдралын нөхцөл байдал шүү дээ. Монголчууд хүний эрхийн талаар ойлголт дутмагаас хохирлоо төлүүлдэггүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад л орхичихдог байдал ажиглагддаг. Иргэдийнхээ амьдрах орчны аюулгүй байдлыг төр хамгаалах, хангах ёстой шүү дээ. Тэгвэл төрийн үйл ажиллагааг хэрхэн явагдаж байна вэ, иргэд хохирсон мөртлөө хохироогүй юм шиг байдаг байдлыг илрүүлэх, мэдээлэх үүднээс тус судалгааг хийж байгаа юм. Энэ үзүүлэлтийг ил гаргавал хууль хяналтын байгууллагууд нь ч арга хэмжээ авна.

Хүн төрөлхтөн сайн сайхан амьдралын төлөө явж байгаа. Сайн сайхан амьдралд хүрэхийн тулд бидний аюулгүй байдал аль ч нийгмийн үед хамгаалагдсан байх ёстой. Гэтэл хуулиар хамгаалагдсан мэтээр ярьж байгаа боловч хэрэгжилт нь ямар байна вэ гэдгийг гаргаж ирсэн тоо байдаггүй. Бид үүнийг л гаргахын тулд амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг эхлүүлээд буй юм.

-Ярилцсанд баярлалаа.

“Авилга” гэх хорооллын хоёр блокыг нураах хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд ханджээ
“Авилга” гэх хорооллын хоёр блокыг нураах хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд ханджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц