Та юуны орд вэ. Магадгүй одон орны ухаанд хүн бүрд ижил тэгш заяасан зан характер бий гэж үздэг байж болох. Тэгвэл сүүлийн үед бүсгүйчүүдийн өвөрмөц өнгө төрх, зан төлвийг өөрсдийн арга барил, ажиглалт дүгнэлтийнхээ үр дүнд үндэслэн эерэг контент бүтээж, стресс бухимдалтай энэ нийгэмд бага ч гэсэн гэрэл нэмэхээр хичээж буй хэсэг залуусыг энэ удаагийн "UbnStory" буландаа урьж ярилцлаа. Тэд бол "Basical" интертайментийн залуу жүжигчид болох А.Жанчив, Д.Дөлгөөн нар юм.
-Юун түрүүнд өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-А.Жанчив: Намайг А.Жанчив гэдэг. "Basical" интертайментийн жүжигчин. Одоо СУИС-ийн найруулагчийн ангийн IV курсийн оюутан.
-Д.Дөлгөөн: Намайг Д.Дөлгөөн гэдэг. "Basical" интертайментийн жүжигчин. СУИС-ийг найруулагчийн мэргэжлээр 2022 онд төгссөн.
-"Basical" интертайментад хэзээнээс эхэлж ажиллаж байна. Хэрхэн нэгдэв. Түүхээсээ хуваалцвал?
-А.Жанчив: Манай найруулагчийг Ч.Бат-Эрдэнэ гэдэг. Манай дээд курсийн ах л даа. Хоёр жилийн өмнө надад цуг контент хийгээд явах уу гээд санал тавьж байсан юм. Гэвч цаг, зав муутай байсан болохоор тухайн үедээ хамтарч чадаагүй юм. Тэгээд энэ жилээс эхлээд нэг баг болоод контентуудад нь оролцоод явж байна.
-Д.Дөлгөөн: "Basical" интертайментийн үүсгэн байгуулагч, найруулагч Ч.Бат-Эрдэнэ бид хоёр нэг ангийн хүүхдүүд л дээ. Цуг найруулагчаар төгссөн. Анх корона гараад карентилсан шүү дээ тэр үеэс эхлээд пэйж хуудсаараа дамжуулаад контент хийж эхэлсэн.
Гэтэл саяхан намайг дуудаад найзаа контент хийх гэсэн юм аа, чи завтай бол ороод өгөөч гэж санал тавьсан. Би ч саналыг нь хүлээж аваад контентдоо орсон. Нэг мэдэхэд л контентууд маань хүмүүст хүрээд нэлээн сайн хандалт авлаа.
-Та хоёр найруулагчаа их дурсаад байх юм. Ер нь "Basical" интертайментийн найруулагч ямар хүн бэ?
-Д.Дөлгөөн: Манай найруулагч их өвөрмөц хүн. Хүний сэтгээгүйг сэтгэж, хийгээгүйг олж хийдэг. Ямарсайндаа л контентын нэг хэсэгт "Намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаараа мэднэ" гэж оруулах билээ дээ. Бид нар ч бас анх зохиолоо уншаад юу вэ гээд л гайхаад, элгээ хөштөл инээлдэнэ. Цаашид энэ хүнээс ямар мэдрэмж, ямар зохиол, ямар өвөрмөц санаа гарахыг хэлж мэдэхгүй юм.
-"Приус 30-ын ухрахын камераар бичсэн кино" гээд л хүмүүсийн анхаарлыг татсан шүү дээ. Энэ талаар яривал?
-А.Жанчив: Тэр ч бас найруулагчийн л санаа. Найруулагч маань ихэвчлэн санаагаа гаргаад түүний дараа бид хоорондоо ярилцаад нэмж, хасах зүйлээ хэлэлцэцгээдэг юм. Анх бас л "Приус 30-ын ухрахын камераар бичсэн кино" гэсэн санааг хараад яаж вэ гэж гайхах мэдрэмж төрсөн. Ер нь л их өвөрмөц сэтгэдэг хүн дээ.
-Сүүлийн үед богино видео бичлэг хийдэг, контент бүтээдэг олон залуус байдаг болсон. Бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй. Тэгвэл танай интертайментийн хувьд бусдаас юугаараа илүү онцлогтой юм бэ?
-Д.Дөлгөөн: Яг тийм. Маш олон контент бүтээдэг залуус бий. Миний харж байгаагаар тэдний зарим нь парик /хиймэл үс/ зүүж гарч ирээд эмэгтэй хүнийг арай өөр өнцгөөс харуулаад байдаг. Өөрөөр хэлбэл жаахан доош нь хийгээд, доромжлоод байгаа юм шиг санагддаг.
Тиймээс манайх эмэгтэйчүүдээ жаахан ч гэсэн өмөөрч гарч ирж байгаа. Тэдний өмнөөс дуугарч, эмэгтэй хүний онцлог шинж, зан характерыг ордных нь онцлогоор, нутаг нутгийн онцлогоор харуулахыг хичээдэг. Ингэхдээ бид эмэгтэйчүүдийг ч доромжлоод байдаггүй, эрчүүдээ ч харлуулаад байдаггүй. Зүгээр л хүмүүст инээд хөөр, баяр баясал мэдрүүлэхийг зорьдог.
-А.Жанчив: Манайх илүү бүтээлч ханддаг юм шиг санагддаг. Ямар ч жижиг деталь бай тэр болгоноо цулуулаад бэлдэнэ. Тайзаа ч хүртэл чимэглээд, засаж янзлаад аль болох хүмүүст тав тух, инээд баясал мэдрүүлэхийг хичээдэг дээ.
-Эмэгтэй хүн бол яах аргагүй шавхагдашгүй их нөөцтэй. Энэ нь эмэгтэй хүний зан төлөв, үйл хөдлөл гээд олон зүйлээр илэрдэг шүү дээ. Энэ болгон нь контент бүтээгчдэд бас нэг өнцөг болж өгдөг байх. Гэхдээ тэр бүрийг ажиглаж, анзаарч байж зохиолынхоо санааг гаргаж, нэгтгэж, боловсруулдаг байх?
-А.Жанчив: Найруулагч маань ихэвчлэн санаа гаргаж бидэнд хэлдэг юм. Тэгээд бүгд зохиолтойгоо танилцсаны дараа зураг авалтаа тодорхой болгодог. Мэдээж эмэгтэйчүүдийн онцлогийг тоочоод барахгүй. Тиймээс аль болох адил төстэй чанарыг нь гаргахыг хичээдэг.
Хорвоо дээр маш олон төрлийн хүн бий. Тэд бүгдээрээ өөрсдийн гэсэн зан араншинтай. Хийж чаддаг зүйлтэй. Биеийн хувьд ч өөр, өөр. Харин бидний мэргэжил бол хүн судлалын мэргэжил. Байнга л хүмүүсийн үг хэл, үйл хөдлөлийг анхаарч, анзаарч, ажиглаж бас дуурайж явдаг. Тэр болгоноосоо санаагаа олдог. "Нээрээ л ийм хүн байдаг шүү дээ. Энэ нутгийн бүсгүйчүүдийг ийм зан араншинтай, ийм өнгө төрхтэй, ийм үйл хөдлөлтэй гээд хүмүүс ярьдаг. Яагаад үүнийг нь хошин байдлаар илэрхийлж болохгүй гэж" гээд л бичлэгээ хийдэг.
-Жүжигчин Д.Дөлгөөн та юуны орд вэ?
-Д.Дөлгөөн: Би хумхын орд.
-"Basical" интертайментийн контентуудыг цуврал хэлбэрээр явж байна гэж харсан. Ер нь бүг д л төлөвлөгөөний дагуу явж байгаа юу?
-Д.Дөлгөөн: Тийм шүү. Бүгд зохиолын дагуу, төлөвлөгөөний дагуу явж байгаа. Одоогоор бид урдаа тавьсан зорилгынхоо төлөө л өөрсдийн чадах хэрээр хичээж байна.
-Жүжигчин А.Жанчивын хувьд оюутан гэсэн шүү дээ. Одоо хичээл нь эхлэхээр бүр их завгүй болох юм байна. Бас их ур чадвар, туршлага сууж байгаа байх?
-А.Жанчив: Бид бичлэгээ хийхээр цуглах хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл бие биенийхээ ажлын цаг завд тааруулах их хүндрэлтэй байдаг л даа. Гэхдээ энэ нь эргээд бидний хувьд хамгийн сайхан дурсамж бас хийж буй зүйлдээ хэр үнэнч вэ гэдгийг маань харуулж байгаа гэж боддог.
Миний хувьд одоо оюутан учраас маш их зүйл сурч, мэдэж авч байгаа. Үнэхээр л их туршлага хуримтлуулж байна гэж хэлж болно шүү.
-Контентууд нь хүмүүсийн анхаарлыг их татсан. Бас эерэг сэтгэгдлүүд их байна лээ. Ер нь коментуудаа уншдаг уу?
-А.Жанчив: Миний хувьд заримдаа л комментуудаа уншдаг. Гэхдээ хүмүүсийн хандлаг их эерэг байна лээ. Ялангуяа Д.Дөлгөөн эгчийг маань ямар хөөрхөн юм бэ гээд л их магтсан харагддаг юм.
-Д.Дөлгөөн: Би бол бүгдийг нь уншдаг. Хүмүүсийн эерэг сэтгэгдлүүдээс бид маш их урам зориг, цааш ажиллах эрч хүчийг авдаг. Тиймээс биднийг дэмждэг, үздэг, сэтгэгдэл үлдээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Цаашид олон олон контентоор бэлэг барина.
-Хамгийн ойр дотнын хүмүүс нь хамгийн сайн зөвлөгч бас шүүмжлэгчид байдаг байх?
-Д.Дөлгөөн: Мэдээж тэгэлгүй яах вэ. Бүр ээж маань намайг "Чи наад үг хэлээ цэгнэ. Юун дөрвөн ex. Хаана бана тэр дөрөв чинь" гээд л зэмлэж өгнө шүү дээ.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог бас үзэгчиддээ барих гэнэтийн бэлэг юу байна даа?
-Д.Дөлгөөн: Сүүлийн үеийн сонин сайхан гэвэл бид шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бүрэн хэмжээний кино хийж байгаа. Удахгүй үзэгчдийн хүртээл болох байх.
-А.Жанчив: Кино гэснээс бид нар өмнө нь "Саран хийл" гэдэг кино хийж байсан юм. Тэгээд киноныхоо ПиАр-ыг хийх гээд нэг сайтад хандаад, Өргөө дээр очоод "Хосууд бие бие рүүгээ попкорн шидэлцсэн" юм. Гэтэл нөгөө сайт маань тайлбарыг нь буруу бичсэнээс болж муухай кино найз охиндоо үзүүлсэн байна гээд киноны маань нэр хүнд навс уначихсан.
Тухайн бичлэг нь буруу тайлбартай явснаас болоод богино хугацаанд маш хурдацтай тархчихсан. Одоо ч тэр бичлэгийг хүмүүс тавилттай бичлэг биш жинхэнэ гэж андуурдаг.
-"Mr Bunny" гэдэг дүр яваад байдаг л даа. Ер нь "Mr Bunny" гэж хэн юм бэ?
-Д.Дөлгөөн: "Mr Bunny"-г илчилж болохгүй байх. Учир нь манай контент зохиолтой явж байгаа учраас дараа дараагийн контентууд дээр маань ил гарна. Түүнийг үзээрэй гэж хүмүүст хэлмээр байна.
-Ярилцлагынхаа төгсгөлийг та бүхэнд үлдээе?
-А.Жанчив: Манай контентыг үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхнийхээ "инээдний эм, дархлааны эм" болохуйц сайхан уран бүтээлүүдийг цаашид хийх болно.
-Ярилцсанд баярлалаа.