Улсын ургацын комиссын хуралдаан өчигдөр буюу наймдугаар сарын 29-ны өдөр боллоо.
2023 онд улсын хэмжээнд 369 мянган га-д үр тариа, 345 мянган га-д улаанбуудай, 18,4 га-д төмс, 13,9 мянган га-д хүнсний ногоо, нийт 629 мянган га-д тариалалт хийсэн байна. Ургац хураалтын урьдчилсан балансаас хархад улаабуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81,3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа юм. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 70 мянган тонн буюу 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25 мянган тонн буюу 18 хувиар тус тус өсөх төлөв гарчээ.
Энэ жилийн 4 болон 5 дугаар сар сэрүүхэн байсан тул ургац хураалт 7 хоногоор хожуу эхэлсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хамаарч ургамлын өсөлт, хөгжил өмнөх жилүүдийхээс харьцангуй буурах төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх тул ургац хураалтын ажлыг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд ургацийн зам, эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, ургац хураалтад оюутан сонсогчид иргэдийг ажиллуулах боломж, нөхцөлөөр хангах чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Улсын ургацын комиссоос мэдэгдлээ.