Бага ангийн сурагчийн дүрэмт хувцсыг өөрчлөх санал гаргаж байгаа талаараа ХҮН намын боловсролын мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор "Монгол Улсын хувьд 2013 оноос ерөнхий боловсролын бүхий л сургууль нэгэн жигд дүрэмт хувцастай байх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийг гадуурхахгүй байх, жигд, тэгш, шударга гэх сэтгэлгээг хүүхдэд суулгах зорилготой байсан. Гэвч энэ дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл ахуй, хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд, биеийн хөгжилд муугаар нөлөөлж байна. Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд хичээлийн жилд нэг сая төгрөгөөр дүрэмт хувцас худалдан авч байна. Энэ эдийн засагт ч хүнд нөлөөлж байна. Мөн ганцхан ээлжийн хувцастай үүнийгээ угааж цэвэрлэх гээд олон асуудал дагуулж байна.
Олон улсад 5-10 жил тутамд хүүхдийн биеийн индексийн судалгаа явуулж шинэ стандарт тогтоодог. Маш олон оронд эцэг, эхчүүд, сургуулийн удирдлага, хүүхдүүдийн санал зэргийг тусган авч дүрэмт хувцсан дээр олон санаа шийдлийг гаргадаг. Тиймээс амжиргааны түвшнээсээ хамаараад олон төрлийн өнгө зааж өгдөг. Жишээ нь, пиджакны оронд ханцуйтай, ханцуйгүй поло цамцыг санал болгож байна. Энэ нь хүүхдийн биед тав тухтай, сунадаг материалтай, хичээлийн дараа ч өмсөх боломжтой юм. Тиймээс холбогдох яам байгууллагууд бидний саналыг харгалзан үзэж, эцэг, эх, ард иргэдэд сонголтыг өгөөсэй гэж хүсэж байна" гэв.