Манай хоёр улс 36 жилийн өмнө төр, засгийн түвшинд албан ёсоор харилцаж эхэлснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааны хүрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйл, стратегийн сонирхол, ард түмний хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурлан жилээс жилд өргөжин хөгжиж байна. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог 2004 онд байгуулсан.
Шадар сайд С.Амарсайхан нь Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны монголын талыг даргалдаг бөгөөд тус хорооны 7 дугаар хуралдааныг хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.