Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч Рейтингс /Fitch Ratings/ агентлагаас “Эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүй” сэдэвт форумыг 2023 оны наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Форумд Сангийн яам, банк санхүү, даатгал зэрэг санхүүгийн салбарын төлөөллүүд оролцож, Монгол Улсын зээлжих зэрэглэл, санхүүгийн байгууллагуудын төлөв байдал болон Тогтвортой хөгжлийн зорилт тэр дундаа Байгаль орчин нийгэм, засаглалын талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Монгол Улсын санхүүгийн байгууллагуудын төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцлоо. Үүнээс гадна форумаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудын сүүлийн үеийн хөгжил, улс орны ногоон санхүүгийн ирээдүйн талаар санал бодлоо солилцов.
Фитч агентлаг нь 2023 оны 5 дугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дараах үндэслэлүүдээр “B” түвшинд, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн.
Үүнд:
• В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улсын нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн
• Инфляц 2024 онд 9 орчим хувь болж буурна.
• Монгол улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5%-тай байна.
• Монгол улсын төсвийн алдагдал 2023-2024 онд 1%-иас бага байна.
• Засгийн газрын өр үргэлжлэн буурч, 2024 онд ДНБ-ны 55 хувьд хүрнэ.
• Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна гэж дүгнэжээ.
Фитч агентлаг нь 2023 оны 7 дугаар сард Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг B (тогтвортой) түвшинд хэвээр үлдээсэн бөгөөд Хөгжлийн банк нь 2022-2023 онд активын чанарын асуудлаа шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг цорын ганц бодлогын банкны хувьд Засгийн газрын дэмжлэгийг шаардлагатай тохиолдолд авах бүрэн боломжтойг онцлон тэмдэглэсэн юм.