Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх сахал Д.Эрдэнэбилэгийг АЛБАДАН АВЧРАХ асуудлыг өнөөдөр хэлэлцэж ШИЙДВЭРЛЭНЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 9 секунд

Өнөөдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх сахал Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хувьчлал, "Цемент шохой" ХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх юм.

Тэрбээр 2023.02.09-ний өдөр хилийн хоригоо цуцлуулж, барьцаанд нь гурван тэрбум төгрөгийг үлдээгээд 14 хоногийн хугацаатай Сингапурт эмчлүүлнэ гэж хэлээд явсан байдаг. Хуулиараа 2 дугаар сарын 23-ны өдөр эргэж ирэх ёстой байсан атал өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа юм.

Тэгвэл шүүх өнөөдөр түүнийг албадан авчрах асуудлыг эхэлж хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд шүүхийн дараагийн процесс нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ байх аж. Энэ утгаараа яллагдагч байхгүй байгаа тохиолдолд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн үг.

Гэтэл нийгэмд прокуророос түүнийг цагдан хорих, барьцаанд үлдээсэн гэх гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгох саналыг шүүхэд хүргүүлсний дагуу асуудлыг хэлэлцэнэ гэсэн ойлголт үүсээд буй юм. Үүнтэй холбогдуулан Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсад ирсэн гэх мэдээлэл ч гараад амжсан. Тэгвэл албаны эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр тэрбээр Монгол Улсад ирээгүй бөгөөд харин хуулийнхан албадан авчарч, хэргийг хугацаа алдалгүй шийдвэрлэж, улсад учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн барагдуулах асуудлыг хурдасгах гэж буй аж.

Энэ утгаараа түүнтэй хамт холбондон шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхонд Нийслэлийн прокурорын газраас О.Орхонд урьд авсан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хэлэлцэн яллагдагч О.Орхонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор” түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд буй юм.

Мэдээж дараагийн дуудан ирүүлэх хүн нь сахал. Д.Эрдэнэбилэг. Монголд байхгүй хүнийг шууд цагдан хорих асуудлыг шүүх хэлэлцэхгүй гэдэг нь хар ухаанаар бодсон ч тэр байж болохгүй асуудал. Харин албадан ирүүлэх асуудал хэрхэн өрнөх нь сонихол татаж буй. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгө угааж, яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа гадаад руу гарч зугтсан 92 хүний нэг Т.Бадамжунайг Засгийн газраас хэрэгжүүлж буй 5ш ажиллагааны хүрээнд "Шувуу" ажиллагаараар шүүрч ирсэн нь анхны тохиолдол. Түүний араас хэд хэдэн хүнийг албадан авчирсан. Яг энэ аргаар Д.Эрдэнэбилэгийг авчрах асуудал хүртэл улс төрийнхний хүрээнд яригдаад эхэлжээ.

Монголын Эль Чапо хэмээн хочлогдсон Д.Эрдэнэбилэгийн зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт учруулсан хохирол гэхэд л 2.8 их наяд төгрөг. Энэ хэрэг дээр нийт 312 хуудас бүхий хавтаст хэрэг үүсчихсэн гэдэг. Прокуророос Д.Эрдэнэбилэгийг болон холбогдогчдыг яллагдагчаар татахдаа тогтоол дээрээ "Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлджээ" гэж бичсэн байдаг аж. Учир нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Менежментийг Кью Эс Си компанид шилжүүлж авсныхаа дараагаар хамгийн эхэнд концессын гэрээг өөрчилсөн асуудал. Гэрээг өөрчлөхөд давуу байдал олгосон асуудалд тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд ч холбогдох ёстой гэдэг.

Дараа нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр Худалдаа Хөгжлийн банкнаас 69 сая ам.долларын зээл авдаг. Өөрөөр хэлбэл үүнд төгрөгийн болон ам.доллароор авсан зээлийн асуудал давхар яригддаг. Жишээ нь 69 сая ам.долларын зээлийн хүүд 50 тэрбум төгрөг төлөхөөр болсон байдаг. Тухайн үеийн ханшаар 176 тэрбум төгрөгийн зээлийг ам.доллар хэлбэрээр авсан гэсэн үг. Харин Монгол төгрөгөөр зээлж авсан зээлийн хүү нь 168 тэрбум төгрөг. Одоог хэр нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр тус зээлийг төлөөгүй. Зөвхөн хүүг нь төлж байгаа талаар Дарханы төмөрлөгийг үйлдвэрийн хуульч өмнө нь бидэнд мэдээлж байв. Үүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Хөтөлийн цемент шохой ХХК-д холбогдох хэргүүд хөвөрнө.

Даүрамд сануулахад, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт 4 их наядын хохиролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт 2.8 их наяд, Цемент шохойн үйлдвэрт 3 тэрбум төгрөгийн хохиролтой буюу нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр шалгагдаж буй Д.Эрдэнэбилэгийг хилээр гаргасан нь шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж хардахад хүргэж байгаа учраас АТГ-д хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээлсэн байдаг юм.

МОНГОЛД: Нэг өрхийн сарын дундаж ОРЛОГО нь нэг сая 200 мянга, ЗАРЛАГА нь нэг сая 300 мянга
МОНГОЛД: Нэг өрхийн сарын дундаж ОРЛОГО нь нэг сая 200 мянга, ЗАРЛАГА нь нэг сая 300 мянга
 
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.