Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 47 секунд

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.15) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр тогтоолоор Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай зэрэг багц хуулийн төслийг 2021 онд батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Энэ хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байх боломжтой байсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт төслийн явцын талаар танилцуулав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан. Мөн олон улсын жишиг, энэ төрлийн сангуудын удирдлагын тогтолцоо, засаглалын загваруудыг судалсан. Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Засгийн газраас дахин ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна гэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулжээ. Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухай жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлнэ. Уг сангийн орлогыг валют хэлбэрээр Монголбанканд хадгалах зохицуулалтыг тусгасан. Хөгжлийн сан нь улс орны нийгэм, эдийн засгийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгажээ. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бодлого нь төсвийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд хөрөнгийн удирдлагын эцсийн шийдвэрийг Улсын Их Хурлаас батлан гаргахаар төсөлд оруулсан байна. Засгийн газрын тухайд жил бүрийн улсын төсвийн төсөлтэй хамт Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна.

Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд танилцуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг Үндэсний баялгийн сангийн зөвлөл гүйцэтгэх бөгөөд уг зөвлөлийг Ерөнхий сайд ахлахаар төсөлд тусгажээ. Мөн Хөгжлийн сангаас хөрөнгө оруулах төслүүдийг эрэмбэлэх, санхүүжилтэд хяналт тавих асуудлыг төсөлд нарийвчлан оруулсан гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангах ёстойг Улсын Их Хурлын дарга сануулаад Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг холбогдох Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэлээ.

Тэрбээр, Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүд нягт хамтран ажиллаж,

-Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тайлагнах,

-Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан уг сангийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацыг байгуулаагүйгээс үүдэн гарсан алдагдсан боломжийг тооцож гаргах,

-Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжилтэд гарч буй хүндрэл, түүний шалтгааныг тогтоон наймдугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгов.

ГАДААД МЭДЭЭ: Рублийн уналтын дараа ОХУ-ын Төв банк яаралтай хуралдаж, бодлогын хүүгээ 12 хувь болгож өсгөлөө
ГАДААД МЭДЭЭ: Рублийн уналтын дараа ОХУ-ын Төв банк яаралтай хуралдаж, бодлогын хүүгээ 12 хувь болгож өсгөлөө
 
Ц.Элбэгдоржийн “Цаглаварын дансанд байгаа 13 сая төгрөгийг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг цагдаагаас дэлгэлээ
Ц.Элбэгдоржийн “Цаглаварын дансанд байгаа 13 сая төгрөгийг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг цагдаагаас дэлгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.