Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг өгсөн юм.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа,
"Нийслэлийн есөн дүүрэгт хог тээвэр, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр 32 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн 509 машин механизм бүртгэлтэй боловч 385-ыг нь өдөр тутам ашиглаж байна. 361 жолооч, 536 ачигч ажиллаж байгаа. Зам, талбайн цэвэрлэгээнд 658 үйлчлэгч, 221 машин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хог тээврийн 207 машин 10-аас олон жил болсон. Өөрөөр хэлбэл, машин механизмын 50 орчим хувь нь хуучирсан байна" гэв.
Мөн хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниуд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа ирүүлсэн бөгөөд 187 машин механизм хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд хот тохижилт, үерийн барилга, байгууламжийн зориулалтаар нэн тэргүүнд шаардлагатай 100 гаруй машин механизмыг хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ.