Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Цэцэрлэгийн цахим бүртгэл хийхэд E-Mongolia систем дээр алдаа заах нь их байна. Хэрэв алдаа заавал аппликейшнээ шинэчлэх шаардлагатай

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 28 секунд

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн СӨБ болон нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл явагддаг. Гэвч эцэг эхчүүдийн өмнө маш олон асуудал тулгардаг тул хаана, хэнд хандахаа төдийлөн мэддэггүй. Хамгийн энгийн жишээ гэхэд оршин суух харьяаллын дагуу хамран суралцах тойрогтоо хүүхдүүд суралцах ёстой ч шилжилт хөдөлгөөнөөс үүдэн эсхүл орон нутгаас нийслэл хотод түр оршин суух иргэд хүүхдээ цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхэд хүндрэлтэй байдаг.

Тэгвэл энэ наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэцэрлэгийн бүртгэл нээгдэж эхэлсэн бөгөөд цахимаар буюу E-Mongolia системээр хүсэлт авч буй. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг цахим бүртгэл хийхэд эцэг эхчүүдэд ямар асуудал тулгарч байгааг мөн ямар арга хэмжээ авах талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээж авах юм. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд байгаагаас хоёр настай 33,142 бага насныхан байна.

Цахимаар бүртгэл хийлгэх боломгүй бол ирэх даваа гаргаас харьяа цэцэрлэгтээ очиж тусламж аваарай

Бид нийслэлийн хэд хэдэн цэцэрлэгт очиж үзэхэд цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа нээгдэж эхлээгүй байлаа. Иймд бид зарим цэцэрлэгүүдээс тодруулахад, "Одоогоор цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хүлээн авч байгаа.

2-5 насныхан эхлээд цахимаар бүртгүүлэх юм. Мөн оршин суух хаягийн зөрчилтэй болон цахим бүртгэлд хамрагдах боломжгүй байгаа бол ирэх даваа гараг /2023.08.07/-аас харьяа цэцэрлэгүүддээ ирж хандах боломжтой. Тэр хүртэлх хугацаанд цахимаар бүртгэлээ хийлгэх хэрэгтэй" гэсэн юм.

Тэгвэл бид энэ жил цэцэрлэгт элсэн суралцах буюу хоёр настны ээжээс мэдээлэл авахад,

Анх удаа цэцэрлэгийн бүртгэл хийлгэж байгаа бол цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй

"Цахимаар бүртгэл хийлгэх нь маш хялбар санагдлаа. Гэхдээ бүртгүүлэхээр ороход харьяа цэцэрлэг гарч ирэхгүй байсан. Түүнээс нь болж маш их гайхаад холбогдох хүмүүсээс нь асуутал цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй гэсэн. Одоо хариугаа хүлээгээд байж байна. Хэзээ хариу нь ирэхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Тэгвэл анхлан цэцэрлэгт бүртгүүлж буй хүүхдүүдийн цэцэрлэгийн хариу наймдугаар сарын 21-25 ны хооронд таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэл ирүүлэх аж.

Түүнчлэн энэ жилийн хувьд буюу 2023-2024 оны хичээлийн жилд 2018.01.01-2021.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах юм. Мөн эцэг эхчүүдийн өмнө хамгийн түгээмэл тулгарч буй асуудал бол Е-Монголиа аппликейшн алдаа зааж байгаа тохиолдол байгаа аж.

Бид энэ талаар дөрвөн настай хүүгийн ээжээс тодруулахад,

Е-Монголиа аппликейшний шинэчлэлтэй холбоотойгоор алдаа заавал аппликейшнээ шинэчлэх шаардлагатай

"Манай хүү харьяа дүүргийнхээ ... цэцэрлэгт явдаг. Энэ жил элсэлтийн бүртгэлээ цахимаар хийх гэхэд Е-Монголиа аппликейшн хөгжүүлэлт хийж байна гэж гарч ирээд байна. Зарим хүмүүсийнх бүр алдаа заагаад байна гэж байна лээ. Үүнийг яах ёстойгоо сайн ойлгохгүй байна. Яам руу залгаж асуух хэрэгтэй юм болов уу. Ямартай ч хэд хэд оролдож үзнэ" гэв.

Мөн БЕГ-ын цахим хуудсанд иргэдээс ирж нийтлэг асуулт бол цахим бүртгэлтэй холбоотойгоор "E-Mongolia системд алдаа зааж байна" гэх асуулт их ирсэн байсан юм.

Харин үүнд БЕГ-аас "Е-Монголиа аппликейшний шинэчлэлтэй холбоотой зарим хүмүүс дээр ийм алдаа зааж байна. Та шинэчлэлээ татаж авч хүсэлтээ илгээхийг хүсье" гэх тайлбарыг өглөө.

Түүнээс гадна хувийн цэцэрлэгүүдийн бүртгэл Е-Монголиа аппликейшн дээр харагдахгүй байгаа аж. Тиймээс бид "Дөлгөөн туул" цэцэрлэгээс тодруулахад,

Е-Монголиа аппликейшн дээр хувийн цэцэрлэгүүдийн бүртгэл харагдахгүй байгаа тул цэцэрлэгтээ хандах хэрэгтэй

"Тийм. Е-Монголиа аппликейшн дээр хувийн цэцэрлэгүүдийн бүртгэл харагдахгүй байгаа. Тиймээс манай цэцэрлэгийн хувьд цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүдээ цахим хуудсаараа дамжуулан бүртгэж байгаа.

Эцэг эхчүүд маань манай цэцэрлэгийн цахим хуудсанд хүсэлт илгээж бүртгүүлэх боломжтой. Мөн өмнө нь манай цэцэрлэгт явж байсан хүүхдүүд өөр цэцэрлэгт элсэн суралцахаар бол мөн л манай цахим хуудсанд хүсэлт илгээж, албан ёсоор хасалтаа хийлгэх хэрэгтэй" гэсэн юм.

Мөн зарим хувийн цэцэрлэгүүд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан "Хувийн цэцэрлэгтээ үргэлжүүлэн суралцах бол тухайн цэцэрлэгтээ хандаж бүртгэлээ хийлгэх боломжтой" гэжээ.

Мөн түүнчлэн энэ жилийн хувьд бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хандан гаргах боломжтой. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д тулгуурлан зохион байгуулах юм.

Иргэдийн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийг хоёр үе шаттай хүлээн авна. Үүнд:

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 1- 20-ны өдрүүдэд;
  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ.

Элсэлтийг,

Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан:

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд;
  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчид аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 01, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах аж.

Түр оршин суугч бол шилжилт хөдөлгөөн хийлгэсний дараа цахим хүсэлтээ илгээх боломжтой

Мөн эцэг эх, асран хамгаалагчдад дараах шаардлага тавигдах аж. Тодруулбал,

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх.
  2. Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.
  3. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.
  4. Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

Цахимаар бүртгүүлэхдээ:

  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
  • “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
  • Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
  • Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
  • Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
  • Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ” гэсэн тохиолдолд “2023.08.20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

Иймд эцэг эхчүүд цахим бүртгэл хийлгэх боломжгүй бол харьяа цэцэрлэгтээ хандан мэдээлэл авах боломжтойгоос гадна E-Mongolia систем алдаа заасан тохиолдолд аппликейшнээ шинэчилж татах шаардлагатай аж. Түүнчлэн анх удаа цахим хүсэлт илгээж байгаа бол хамгийн түрүүнд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтээ илгээх хэрэгтэй аж. Ингэснээр таны хүүхдийг цэцэрлэгт бүртгэх бөгөөд наймдугаар сарын 21-25-ны хооронд хамран сургах цэцэрлэгийн хаягийг таны бүртгүүлсэн дугаарт илгээх аж.

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй
Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.