Монгол Улс цөлжилтөд нэрвэгдэх тун ойрхон байна гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд их тархах болсон. Гэвч бид цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсээр. Гэтэл өдгөө дөнгөж долоодугаар ангид орох бяцхан охин эко клубийнхээ найзуудтай хамтран 200 ширхэг заг модыг үрслүүлэх туршилт хийж байгаа аж. Иймд бид Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЕБС-ийн долоодугаар ангийн сурагч Т.Хишигжаргалтай ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Т.Хишигжаргал гэдэг. Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЕБС-ийн сурагч. Одоо долоодугаар ангид орно.
-Цахим орчноор заг модыг үрслүүлэх туршилт хийж байгаа эко клубийн нэгэн гишүүн буюу өөрийнх нь зураг хүмүүсийн хайрыг татаад байна л даа. Яагаад заг модыг үрслүүлэх туршилтыг хийж байгаа юм бэ?
-Манай Хөхморьт сум Монгол Улсын хамгийн их элстэй газар. Тиймээс элсний нүүдэл ихтэй, цөлжилт ч их явагдаж байгаа гэж хэлж болно. Тиймээс цөлжилтөөс хамгаалах зорилгоор заг мод тарих ажлыг зохион байгуулж байгаа.
Энэхүү туршилтыг манай сургуулийн эко клубийн гишүүд өнгөрсөн хавар 1000 үрсэлгээг авч ирсэн. Үүнээс 200-г нь туршилтаар ургуулж байна.
Яагаад туршилт хийж байгаа вэ гэхээр заг модыг үрслүүлэхэд хэр хурдан ургаж байна, хэр сайн ургаж байна. Ургах чадвар, онцлог нь юу байна. Цаашид айлуудын хашаанд ургуулахад бид юуг анхаарах шаардлагатай байна гэх зэрэг олон зүйлийг мэдэхээр ургуулж байгаа юм.
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сум нь яах аргагүй элсэн манхан ихтэй нутаг нутаг шүү дээ. Яах аргагүй элстэй газар заг мод ургахад хамгийн тохиромжтой ургамал. Магадгүй та бүхний туршилт дөнгөж эхэлж байж болох ч заг модыг тарихад юун дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдав?
-Заг модыг ургуулахад маш их арчилгаа шаарддаг. Тэр дундаа эхний 14 хоног хамгийн чухал үе байдаг. Энэ 14 хоногт ургуулж буй заг модоо өдөрт 4-5 удаа усалдаг. Заг нь үхдэггүй, урт насалдаг ургамал учраас эхний 14 хоног л хамгийн их арчилгаа шаардагдаад цаашид арчилгаа шаардагддаггүй.
-Яагаад эхний 14 хоног тийм чухал юм бэ?
-Хөрсөндөө үрээ суулгасны дараа хамгийн их анхаарах ёстой байдаг л даа. Мөн арчилгаа маш их хэрэгтэй. Ойр орчимд нь хог байвал түүх гэх мэтээс эхлээд маш их анхаарал хандуулах хэрэгтэй байдаг.
-Хөхморьт сумын ЕБС-ийн Эко клубийн хамт олон энэхүү туршилтыг хийж байгаа юм байна лээ шүү дээ. Тэгэхээр чамд бас танай клубийн гишүүдэд хамгийн их тус дэм болж байгаа хүмүүс хэн бэ?
-Мэдээж манай гэр бүл надтай хамт моднуудаа арчилж, ургуулж байгаа. Бас найзуудын маань гэр бүлийнхэн тусалж байна. Түүнээс гадна манай эко клубийн дарга 50 заг модыг ургуулж байгаа.
-Заг модыг ургуулахдаа тэр дундаа та бүхний хийж буй туршилтаар заг модоо хэрхэн ургуулж байгаа вэ. Бэлдсэн хөрсөнд суулгаж байгаа юу эсвэл газар дээр нь элсэндээ суулгаж байна уу?
-Заг модныхоо үрсэлгээг хийхдээ эко уутанд хийж ургуулж байгаа. Энэ уут нь урагддаггүй, усыг шингээх чадвартай уут байдаг. Түүндээ хөрсөө хийгээд заг модоо ургуулж байна.
-Яагаад загийг үрслүүлье, суулгая, таръя гэдэг бодол төрөв?
-Цөлжилт ихсэхийн хэрээр элсний нүүдэл их болж байгаа. Хамгийн гол нь заг гэдэг мод нь говь цөлд маш сайн ургадаг. Тэр ч утгаараа элсний нүүдлийг зогсооход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал юм. Тиймээс загийг сонгож аваад туршилтаа хийж байгаа.
Ирэх жил сумынхаа бүх айлын хашаанд заг модоо ургуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Сургуулийнхаа хүүхдүүдэд ч мөн заг тарих арга барилыг зааж сургана гэсэн байсан шүү дээ?
-Манай эко клубийн хүүхдүүд сургуулийнхаа хүүхдүүдэд нэг бүрчлэн хэрхэн заг мод ургуулах талаар зааж сургана. Үүний үндсэн дээр хүүхдүүд маань дээр дурдсанчлан гэрийнхээ хашаанд загаа ургуулах юм. Мөн хүүхдүүдийг заг модны талаар сайн мэддэг, ач холбогдлыг нь сайтар ойлгодог болгох үүднээс хүүхдүүдэд ч мөн хэрхэн тарьж ургуулах талаар заах гэж байгаа юм.
-Цахим орчноор чиний үрсэлгээгээ барьчихсан зураг тархсан шүү дээ. Түүнээс гадна нутгийнх нь хүмүүс энэхүү ажлыг нь хараад ямар сэтгэгдэлтэй байна?
-Хүмүүс маш их магтаж байгаа. Саяхан зурагтай постоо оруулахад харсан хүмүүс бүгдээрээ дэмжиж, сайшаасан байна лээ.
-Энэхүү туршилтыг хийхэд мэдээж чиглүүлэх хүн хэрэгтэй байх тийм үү?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Манай эко клубийн багш бидэнд маш их тусалж дэмждэг. Мөн бидэнд эдгээр загийн үрийг "Дэлхийн байгаль хамгаалах сан"-ийн ах, эгч нар маань өгсөн. Үргэлж биднийг дэмждэг. Байнгын хамтын ажиллагаатай байдаг. Энэ ташрамд баярлаж байгаагаа гэдгээ илэрхийлье.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу. Хөхморьт сумаа хэчнээн загтай болгоё гэж бодож байна вэ?
-Бидний хамгийн том зорилго бол төрөлх нутагтаа 1000 заг тарих.
Бүр цаашилбал, нутагтаа заган ойтой болъё гэсэн томоохон зорилгыг өвөртөлж байгаа.
-Одоо долоодугаар ангид орж байгаа гэхээр дөнгөж 12, 13 настай юм байна шүү дээ. Магадгүй чиний үеийн найз нөхөд, үе тэнгийнхэн нь заг модны талаар төдийлөн сайн мэдэхгүй ч мод тарих чин хүсэлтэй ч байж болох юм. Тэдгээр хүүхдүүдэд хандаж үг хэлээч?
-Мод тарихаар маш сайхан санагддаг. Тарьсан модоо харахад эерэг энерги мэдрэгддэг гэх юм уу. Бас байгаль дэлхийгээ хамгаалж байгаа багахан тус маань энэ шүү дээ. Тиймээс үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд мод тарьж, түүнийгээ өөрийн гараар ургуулж, арчлаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.