НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш "Даншиг наадмын хүрээнд соёл, урлагийн 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нүүдэлчдийн нийслэл хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж, цаашид яаж хөгжих вэ гэх чиглэлээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус эрдэм шинжилгээний хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм. Түүнчлэн нүүдэлчдийн нийслэл, даншиг наадмын үүсэл хөгжилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг гадаад, дотоодын жуулчдад толилуулна. Мөн нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй вэ, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгаа вэ гэдгийг илэрхийлэх бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулна. Уг тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч оролцох юм. Түүнчлэн үндэстний хувцасны үүх түүхийг харуулсан загварын шоуг бэлдсэн байгаа. Үүний зэрэгцээ нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг ажиллаж байгаа. Баг бүр өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулах болно" хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин ирж, даншиг наадмыг үзэж сонирхсон гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн нь жуулчдад төдийгүй монголчуудад ч сонирхолтой байх болов уу" хэмээлээ.
“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-тай холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тус чиглэлд нэмэлтээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөж байна.
- 08.05-нд 07:00-23:00
- 08.06-нд 08:00-22:00 цаг гэсэн хуваарийн дагуу МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдөлнө.