Хүчтэй аадар бороо орсны улмаас уруйн үер бууж, ээж хүү хоёр гэртэйгээ урсаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар өчигдөр өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас нэг том хүн, нэг хүүхэд гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг ОБГ 20:50 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн 32 настай эмэгтэй Б, 2 настай эрэгтэй Б нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон. Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 02-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.