Дарьгангачууд үе удмаараа шүтэж ирсэн Төрийн тахилгат Алтан овоог тахих 110 жилийн ёслол болж байна.
17-р зуунаас Хааны зарлигаар тайж тахиж Дарь Овоо, Алтан Овоо, Богд Алтан Дарь Овоо хэмээн нэрлэж ирсэн тус овоог тахихад энэ жил 1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Овоо тахилга бол монгол туургатны хамгийн түгээмэл зан үйлийн нэг юм. Овоо тахих явдал их эрт цагт бий болжээ. Монгол нутгийн хаагуур ч явсан тахилгын овоо олон дайралдана. Уул хадтай газар чулуугуур, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгоод тахидаг. Чухам энэхүү "Алтан овоог тахихын утга учир нь юунд оршиж байгааг дэлгэрэнгүй хүргэе.
Монголчууд эрт дээр үеэс энэ ертөнцөд жаргалтай сайхан амьдрахын тулд таван зүйлийг эрхэмлэж ирсэн түүхтэй.
Нэгдүгээрт, Хүн өөрөө урт настай байж, үр хүүхэд гэр бүлийнхээ сайн сайхныг харж, хамтдаа жаргахын хамгийн эрхэм зүйл нь урт нас гэж үздэг байж. Тиймээс урт насыг бурхан шүтээндээ даатгадаг болсон.
Хоёрдугаарт, Чухал эрхэм зүйл нь өвчингүй, эрүүл байх юм. Бид идэж уух юм, хоол хувцас тэргүүтэй зүйлс, урт наслахын шалтгаан болсон биеийн тамир, дасгал хөдөлгөөн, урьд бол эргэл мөргөл зэргийг үйлдэж, өөрийн талаас эрүүл байж, урт наслахыг эрхэмлэж байна.
Гуравдугаарт, Гэр бүлд хэрүүл тэмцэл, аваар осол, түүнчлэн архи дарс хэтэрвэл амьдралыг хөнөөдөг билээ. Өөрөөр хэлбэл, амьдралын үл зохилдох шалтгаан гэж хэлдэг. Энэ бүхнийг тэвчиж, гэр бүл дотроо эвсэг найрсаж, эвцэлдэж энэ хэрээр үр хүүхэд төлөв сайхан өсөж, ажил үйлс дэвжиж дээшилдэг учиртай. Үүнийг зөвхөн өөрт биш гэр бүлийнхэндээ хүсэж, бурхадуудаа тахиж, шүтэж иржээ.
Дөрөвдүгээрт, Эд хөрөнгө. Энэ бол хүн төрөлхтний хязгаарлагдашгүй хүсэл.
Тавдугаарт, Сав шимийн ертөнц гэж бид ярьдаг. Энэ нь бидний оршин байгаа дэлхий, газар орчин, гэр орон, ажил албан байгууллага юм. Эдгээрийг хамгийн цэвэр ариун байлгах ёстой.
Тэгж байж хүн, амьтан, ургамал амгалан тайван, эрүүл саруул оршин тогтнож, байгаль дэлхий зуд турхангүй, хур бороо цагтаа орж, байгаль дэлхий сэргэдэг. Байгаль дэлхий дэлгэрч, сэргэх нь хүний амьдралын зохилдох шалтгаан болгоныг бүрдүүлдэг учраас суурь нь байгаль дэлхий өөрөө юм. Тийм учраас Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж, тахиж хүндэтгэж ирсэн үзэл, уламжлалтай.
Ийнхүү байгаль дэлхийгээ сайн сайхан байлгахыг зорьж овоо тахих зан үйл үйлдэж ирсэн байна. Тэгэхээр уул овоо тахих гэдэг бол газар дэлхийгээ тахиж шүтэж биширч, хүчээр эд баялгийг нь булааж авах, оролдож захирах биш, байгаль ертөнцийн өөрчлөлт хувьслын учрыг олж, шалтгааныг бодож үзэх үүднээс байгальтай эвцэлдэж амьдардаг нүүдэлчин Монголчуудын хамгийн өндөр соёл юм
Бидний өвөг дээдэс уул овоог эзэмшиж байдаг далдын эзэн, лус савдаг байдаг, тэднийг баярлуулж баясгаж, аргадаж идээ будаагаа өргөж байна гэж үздэг.
Монгол орны бүх нутаг дэвсгэрт тахилгатай уул, ус, овоо бий. Тухайн газар орныхоо эрдэнэс нь болсон эдгээр уул овоог тахиснаараа үр ач, хойч үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлах үзлийг суулгаж өгдөг. Арвин дагшин газруудаа тахиж, түүгээр дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг тогтооё гэсэн уриа бурхны шашинд байдаг.
Овоо тахихдаа анхаарах дэг журам
Бидний оршихуй эс оршихуй нь байгаль дэлхийгээс асар их хамааралтай байдаг. Уул овоо тахилгаа зөв зохистой хийж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах учиртай.
Уул овооны тахилгад очихдоо лус савдгаа баясгах үүднээс цэвэр, сайхан хувцсаа өмсөж, архи дарс хэрэглэхийг цээрлэдэг. Бас мал амьтан олноор төхөөрөх нь овоо тахилгын зүйд нийцдэггүй учраас ёс жудаг, хүндэтгэлээ дагаж үйлдэх учиртай.
Ер нь овоо тахилгын идээ шүүс бэлдэхдээ даасан тал буюу айл нь хонь малын ууц, мах бэлдэж, бусад айлууд жижиг тавгийн идээ бэлддэг журамтай. Байгаль уул ус, хангай дэлхийдээ идээ цагааны дээжээ өргөж, ёс төрөө гүйцээсний дараа адис жанлавтай тавгийн идээгээ гэртээ авчирч, гэр бүлийнхэндээ хүртээдэг.
Овоо тахихдаа хүн бүр сэтгэл зүрхээ цэнгүүлж, баясгах юм бол уул усны эзэн савдаг баярлаж, байгаль дэлхий ээл буянаа өгч, хур бороо алив сайн сайхан бүхнээ хайрладаг гэж бидний өвөг дээдэс захиж ирсэн түүхтэй.
Тэнгэр овоо, уул ус бол маш цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг учраас ийм зохисгүй үйлдэлд байгаль дэлхий маань гомдож, хувирал өөрчлөлт үзүүлж, муугаар эргэж болзошгүй болдгийг анхааруулъя. Тиймээс хүмүүс овоо тахиж байгаа нэртэй идээ, будааг тал тал тйишээ цацах буруу үйлдэл юм.
Ийм л учраас овоо тахих зан үйлээ маш цэвэрхэн, нарийн дэг журамтай үйлдэж, тухайн газар усныхаа ёс ямбыг дагаж, наадам наадгайгаа овооноосоо жаахан зайдуу хийж, олон түмнээрээ баярлаж цэнгэж байх учиртай юм.