Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчих боломжгүй юм.
Уг шийдвэрийг эсэргүүцэж, тэрбээр давж заалдсан ч давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 18-нд түүний гомдлыг хэлэлцэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа нь эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр түдгэлзэж, тэрбээр өдгөө эрх чөлөөтэй яваа юм.
Тэгвэл Улсын дээд шүүх энэ сарын 5-нд түүний гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр тогтоолоо өнгөрсөн даваа гарагт Ч.Маралмаад албан ёсоор гардуулан өгсөн байна.
Улмаар хэргийг нь боогоод анхан шатны шүүхэд энэ 7 хоногтоо багтаан хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Тогтоол анхан шатны шүүхэд очсоны дараа 5 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх юм байна. Ингэснээр Ч.Маралмаа цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулна.