УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр "УОК-ын 26 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаас гурван шийдвэрийг гаргалаа.
- Нийслэлийн засаг дарга бөгөөд засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгаланд үерийн уснаас хамгаалах далан, шуудууг барьж байгуулах, авто зам дээр тогтсон усыг зайлуулах, шугам сүлжээ бөглөрснийг цэвэрлэх зэрэг ажлыг даалгалаа.Улаанбаатар хот мянга орчим км авто замтай. Үүний 65 хувь нь автомын гадаргуу дээр тогтсон борооны усыг зайлуулах шугам сүлжээтэй. Үлдсэн 35 хувь нь сүлжээгүй байгаа нь өндөр насжилттай авто зам юм. Түүнчлэн шугам, сүлжээ бөглөрснөөс болж автозам дээр бороо ус үерлэх шалтгаан болж байна.
- Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймагт хөл хорио тогтоосон. Энэ хөл хориог үргэлжлүүлэхийг Ховд аймгийн Засаг даргад үүрэг болголоо.
- Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улс орноос 9984 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Долдугаар сард өмнөх сараасаа 50 хувиар илүү буюу нийт 3000 иргэнийг татаж авах ажил үргэлжилж байгаа. Цаашлаад 9884 иргэнээ татаж авахын тулд тусгаарлах байрны тоог нэмэх тооцоо судалгааг хийж байна. Ойрын хугацаанд эдгээр иргэнээ татан авахыг хичээж байна.Монгол Улс улсын хэмжээнд 2400-2600 иргэн тусгаарлах хүчин чадалтай. Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3000 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авна" гэв.