Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ-ноос үндэсний бөхийн барилдааны дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 20 секунд

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөсөн. Гэвч энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдааны наймын даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нар барилдаж, наадамчин олныг талцуулсан юм.

Учир нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийн улмаас хөлийн цэц Улсын арслан Ц.Содномдоржийг идэвхгүй байсан, барилдааны явцад хоёр удаа сануулга авсан хэмээн унасанд тооцсон.

Тэгвэл дүрмийн өөрчлөлтөөр Засгийн газарт хандана хэмээн МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн юм.

Тодруулбал, "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан. Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл.

Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана. “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэв.

САНУУЛАХАД,

Монгол Улсын Засгийн газар 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг хийж, баталсан.

Тодруулбал, дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлт орсон. Үүнд,

  • Барьцгүй барилдаан – 20 минут. /Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ/
  • Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. /Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана/
  • Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.

Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ гэх өөрчлөлт орж, улмаар Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана гэж заасан.

НХОГ: Үерийн улмаас хохирсон ААН-д үнэлгээний компаниар хохирлын хэмжээг тогтоолгох шаардлагатай
НХОГ: Үерийн улмаас хохирсон ААН-д үнэлгээний компаниар хохирлын хэмжээг тогтоолгох шаардлагатай
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.