Цахим орчинд "Ус нөөцлөөрэй. Ус цэвэршүүлэх байгууламж худагт бохир үерийн ус орсон. Онц байдал зарлана гэж байна. Баттай эх сурвалжаас мэдээлэл ирсэн. Крантны ус хүнсэндээ хэрэглэж болохгүй" гэх дуут мессеж яваад буй.
Энэ талаар УСУГ-аас "Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сошиалаар дуут мессежээр ус тасрана, ус бохирдсон хэмээн явуулж олон нийтийн санаа бодлыг үймүүлэх явуургүй бодолтой хүмүүсийн ташаа мэдээлэлд залруулга хийж байна. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна" гэжээ.
Худал мэдээлэл тараасан хүмүүсийг олж хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Учир нь гамшгийн нөхцөл байдалд худал тараах нь хуулиар хариуцлага хүлээх үндэслэл болдог аж.