Өнөөдөр Бурхан багшийн нэгэн чухал дүйчин өдөр буюу номын хүрдэн эргүүлсэн дүйчин өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан БНЭУ-ын элчин сайдын яамнаас санаачлан МБШТ Гандантэгчэнлин хийдэд “Номын хүрдэн эргүүлсэн дүйчин өдөр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү ёслолд МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин М.П.Сингх болон элчин сайдын яамны хамт олон, Дилав хутагт Данзан Ламэд, Нарованчин гэгээн Данзанлхүндэв нар уригдан оролцсон юм. Түүнчлэн Бэтүб Даржаачойнхорлин хийд болон Зүүн хүрээ Дашчойлин хийдүүдийн лам хуврагууд, Азийн буддистуудын энхтайвны бага хурлын ажлын албаны төлөөлөл, сүсэгтэн олон хүндэт зочид, төлөөлөгчид энэхүү ёслолд оролцож хүндэтгэл үзүүллээ.