Өнгөрөгч зургаадугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг эцэслэн баталсан билээ. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмэхээр тусгасан. Тэгвэл халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөний нөхөн олговрын асуудлаар ХНХЯ-наас мэдээлэл хийлээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийн зөрүүг 10 жилийн дараа шийдэж байна. Тэтгэврийн доод хэмжээг 550,000 төгрөг болгосон. Нийгмийн даатгалын сангаас нийт 488,000 иргэн тэтгэвэр авагч байгаагийн 75 орчим хувь нь буюу 361,000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Үүнд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэх ахмадууд бий. Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд 496.2 мянган иргэн хамрагдахаар тооцоолсон. Үүнд нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
Мөн ирэх сарын 1-нээс халамжийн сангаас олгох тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд дүнг нь батлуулсан. Нийгмийн халамжийн тэтгэвэр 288-325 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 288-325 мянга, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж 84,500-275,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 123,100-275,000 төгрөг болж нэмэгдэж байна.
Эдгээр олголтуудыг Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор болсон" гэлээ.