Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан зам засварын ажил хэдийнээ эхэлжээ. Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны зургаадугаар сарын 12-нд гаргасан тушаалын дагуу ээлжит засварын ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид зам засварын асуудлаар холбогдох албаны хүмүүсээс дараах тодруулгыг авлаа.
ЗТХТ-ийн АЗАХ-ийн дарга Н.Баатардэмбэрэл,
Энэ жил нийт долоон чиглэлд гадаргуун боловсруулалт хийнэ
-Яг одоо ямар чиглэлд гадаргуун боловсруулалт хийгдэж байна вэ?
A0301 Улаанбаатар-12 чиглэлийн Баянчандмань авто зам засвар, ачилтын компанийн зам хариуцагчийн 40-43 дахь километрийн нийт гурван километрийн гадаргуун боловсруулалт хийх ажил яг одоо үргэлжилж байна.
-Энэ жилийн хувьд нийт хэчнээн километр зам талбайд гадаргуун боловсруулалт хийх төлөвлөгөөтэй байна?
-Энэ жилийн хувьд сайдын тушаалаар нийт долоон чиглэлд 30 гаран километр газарт гадаргуун боловсруулалт хийх тушаал гарсан. Ингэхдээ 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгийг баталсан байгаа.
-Гадаргуун боловсруулалтыг хэдэн жил тутамд хийх заалттай байдаг вэ? Мөн ямар ямар материал ашиглагддаг вэ?
-Гадаргуун боловсруулалтыг гурван жил тутамд нэг хийх зааварчилгаатай байдаг. Гадаргуун боловсруулалтыг хийхдээ эхний ээлжид тухайн газрын ан цав, нүх зэргийг тэгшилж бэлтгэнэ. Үүний дараа түр зам хааж мөн материал зэргийг нөөцөлж бэлтгэнэ. Яг одоо бидний харж буй "SLURRYSEAL TRUCK" машинаар гадаргуун боловсруулалт хийдэг бөгөөд ус, хайрга, эмульс зэргийг хольж дэвсдэг.
Тухайлбал дугуй мөрний ховил байвал энэ машин нь өөрөөс хурдаа тохируулан тухайн хувилыг дүүргэх маягаар ажилладаг.
-Slurryseal машин нь монголд ганцхан байгаа гэсэн шүү дээ. Энэ машины талаар мэдээллийг өгөөч?
-Slurryseal машиныг 2019 онд оруулж ирсэн бөгөөд нь зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газарт нэг байна. Үүнтэй адил "Chipsseal"-ийн машин мөн байдаг.
-Хэсэгчилсэн зам хаалтын талаар мэдээлэл хүргэнэ үү?
-Энэ машины маань хүчин чадал бол өдөрт 500-700 метр явах хүчин чадалтай байдаг. Бидний байгаа талбай бол 3 километр гадаргуун боловсруулалт хийхээр төлөвлөгдсөн газар бөгөөд энэ сарын 21-26 өдрүүдэд замыг түр хугацаагаар хаасан.
-Түүнээс гадна жолооч нарын хамгийн их ярьдаг зүйл бол замын энхэл донхлын асуудал байдаг шүү дээ. Ер нь замыг эвдрэл гэдэг зүйл юунаас үүсдэг вэ?
-Монгол Улсын стандарт жин 44 тонн байдаг. Гэвч хавар, намрын улиралд хөлдөлт болон гэсэлтийн үед жолооч нар дээр дурдагдсан хэмжээнээс илүү даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцох нь бий. Эдгээр шалтгаануудаас болж зам дээрээ нүхэн эвдрэл болон бусад ан цавын эвдрэлүүд их хэмжээгээр үүсдэг. Энэ болгон дээр авто зам засвар ачилтын компани болон зам харилцагч тухайн замыг цаг алдалгүй засварладаг. Энэхүү засварлах хөрөнгийг жил болгон баталдаг.
-Баярлалаа.
Харин ЗТХТ-ийн АЗАХ-ийн мэргэжилтэн Н. Октябр дараах мэдээллийг өгөв.
SLURRYSEAL машин нь гадаргуун боловсруулалтыг хийдэг машин юм
-SLURRYSEAL машины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч. Гадаргуун боловсруулалт хийхэд ямар материал ордог вэ?
-SLURRYSEAL машин нь одоогоор монголд ганцхан байдаг. Гадаргуун боловсруулалтын ээлжит засварын ажлыг энэхүү машинаар хийгээд явж байна. Гадаргуун боловсруулалтад эмульс, ус, хайрга гэсэн гурван төрлийн материал ордог.
-Өнөөдрийн байдлаар хэд дэх өдрөө Баянчандмань чиглэлийн авто замд гадаргуун боловсруулалт хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар гурав дахь өдрөө ажиллаж байна. Бид нэг километр замыг хоёр өдөр тавина гэсэн тооцоотой байгаа. Гэхдээ бид аль болох төлөвлөсөн хугацаанаасаа хурдан хийж дараа дараагийн газартаа очиж ажиллах бодолтой байна.
-Дараагийн төлөвлөгөөт ажлууд хаана хаана хийгдэх вэ?
-Дараагийн ажил маань Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн A0501 дугаартай Багануур авто замыг хариуцсан замын 155-159 дахь километрт гадаргуун боловсруулалт хийх ажил байна.
-Баярлалаа.
Ц.Мөнхжин