Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 11 сая 537 мянган хүн өвчилж, 536 мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 165 мянган хүн шинээр өвчилж 3 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 52 мянган тохиолдол, Бразилд 26 мянган тохиолдол, Энэтхэгт 23 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6736 хүн шинээр халдвар авч 134 эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Буриадад 29 тохиолдол, Читид 49 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 89 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 135 хүн шинээр ажиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2763 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс 1-5 насны 169 хүүхэд, жирэмсэн 105, архаг хууч өвчтэй 365 иргэн байна.
Цэргийн төв эмнэлэгт 89 хүн эмчлэгдэж байна. 3 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 14 их эмч, 42 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Харин гэрийн тусгаарлалтанд 563 хүн байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 154 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг зөвлөмж мэдээлэл авсан. Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд БНСУ, АНУ улс оронд буй монгол гурван иргэнээс дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлзүйн мэдээлэл авсан.
Ховд аймагт эмчлэгдэж байгаа хоёр иргэний биеийн байдал сайжирч байгаа. Өвөрмонголд тарваган тахлын дөрвөн тохиолдол илэрсэн. Иймд иргэд хөдөө аяллаар явахдаа тарвага хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.