Бид нэг л мэдэхэд ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, амьдралын их далайд хөл тавьдаг. Нүд ирмэх зуурт хийсэн өнгөрсөн 12 намар, 12 хавраа дүгнүүлж, ЭЕШ хэмээх томоохон бас дээр нь амьдралынхаа замыг сонгох алтан мөчтэй золгодог. Энэ жилийн ЭЕШ хэдхэн хоногийн өмнө дуусаж, 12 дугаар анги төгсөгчид өөрсдийн юу сурсан, юу чаддаг вэ гэдгээ эцэг эх, багш нартаа батлан харуулсан юм. Тэгвэл UBN.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноороо ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг урьж, хэсэг хором ярилцлаа.
Түүнийг С.Сарангуа гэдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн 12а ангийг төгсөж, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 800 оноо авсан оюунлаг сурагч юм.
-Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 800 оноо авсанд нь баяр хүргэе. ЭЕШ-ын дүнг сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ?
-Баярлалаа. ЭЕШ-ынхаа дүнг хараад шууд шоконд орсон. Өөртөө ч итгэж чадаагүй. Би нээрээ 800 оноо авч чадсан юм байхдаа, энэ зүүд үү ч гэж эргэлзэж үзсэн. Тэгээд л байн байн EEC.mn сайт руу орж дүнгээ шалгаад л байсан. Тэгээд л өөрийгөө 800 оноо авсандаа итгэсэн дээ. Яах аргагүй миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн сайхан, хамгийн их бахдам мэдрэмжүүдийн нэг байсан.
-Нийт хэчнээн хичээлээр ЭЕШ өгөв. Бусад хичээлүүд дээрээ ч мөн хэдэн оноо авч ямар амжилт үзүүлэв?
-Нийгмийн тухай мэдлэг хичээлээс гадна Математик, Монгол хэл гэсэн хоёр хичээлийг сонгож ЭЕШ өгсөн. Мэдээж миний суурь хичээл бол нийгмийн тухай мэдлэг хичээл байсан болохоор нөгөө хоёр хичээлээ тултал нь бэлдэж чадаагүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд сайн гүйцэтгэсэн гэж бодож байгаа.
-Аль хичээлүүд дээрээ илүү их цаг зарцуулж, илүү их ажиллав. Өдөрт хэчнээн цагийг хичээл бэлдэхэд зарцуулдаг байсан бэ?
-Өмнө хэлсэнчлэн миний сонгож байгаа мэргэжлийн суурь хичээл нь нийгмийн тухай мэдлэг хичээл. Тэр ч утгаараа нийгмийн ухааны хичээлээ маш сайн бэлдсэн. Хичээл, сонгоноо тараад өдрийн 15:00 цагаас хойш нийгмийн хичээлийнхээ сургалтад суудаг байсан. Ерөнхийдөө өдөрт 4-7 цагийг хичээлдээ зарцуулдаг байсан.
-Ер нь нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврууд хэр хүнд санагдав?
-Миний хувьд даалгавруудыг нь яг л мэдлэгийн түвшинд байж чадсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл би 12 дугаар ангийнхаа хоёр сурах бичгээ түүнээс гадна 10, 11 дүгээр ангийн сурах бичгүүдийг ч хүртэл ягштал ажилласан учраас номтой холбоотой бас сургалтын хөтөлбөртэй холбоотой асуултуудаа гаргаахгүй болсон байсан.
-Өмнөх онуудын ЭЕШ-ын материалуудыг ажилласан байх. Харьцуулж үзвэл даалгаврууд чанаржсан байна уу?
-Энэ оны шалгалтын материалуудыг өмнөх оныхтой харьцуулахад нэлээн чанаржсан гэж харсан. Бас л толгой ажиллуулсан даалгаврууд байсан шүү.
-Ковидын үеийн төгсөлтийг бодвол хичээлээ давтах, давтлага авах хугацаа их байсан байх. Багш нар нь хэр их тусалж дэмжив, бас ямар зөвлөгөө өгч байв?
-12-р ангид орсноос хойш багш нар илүү их анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Тэр ч утгаараа багш нар маань биднийг маш сайн шахаж, мэргэжлээ сонгоход маань ч гэсэн их тусалсан. Зөвлөгөөг бол харамгүй хайрласан гэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна ганцаарчилсан давтлага хийхэд маань хүртэл чиглэн тусалж байсан. Энэ ташрамд багш нартаа маш их баярлалаа гэж хэлье.
-Тэгвэл ЭЕШ-ын хувьд зохион байгуулалт хэр санагдав. Хүүхдүүд нууцаар утас авч орсон гэх мэдээлэл цахим орчинд явж байна?
-Бусад сургуулиуд бас хөдөө орон нутагт ямар байсныг төдийлөн мэдэхгүй байна. Гэхдээ миний шалгалт өгсөн сургууль дээр зохион байгуулалт маш сайн байсан гэж бодож байна. Хүүхдүүд гар утсаа авч орлоо, хууллаа гэсэн асуудал огт гараагүй. Маш сайн шалгаж байж оруулсан. Ерөнхийдөө манай үеийн хүүхдүүд нэлээн шударга, ёс зүйтэй, соёлтой болсон юм шиг санагддаг. Үүнээс харахад Монгол Улсын маань ирээдүй ч гэрэлтэй байгаа юм шиг санагдаж байна.
-Зохион байгуулалтыг нь сайжруулах шаардлагатай гэж харсан уу?
-Жил ирэх тусам улам илүү сайжрах байх гэж бодож байна. Түүнийгээ дагаад сурагчид, шалгуулагчид маань ч гэсэн улам илүү сайжрах байх.
-Ер нь ахлах ангид ороход л ЭЕШ-ын тухай илүү судалж, бэлддэг шүү дээ. Ер нь ЭЕШ-д ороход сэтгэлзүйгээ хэрхэн бэлдсэн гэж бодож байна. Сэтгэлзүй чухал санагдсан уу?
-ЭЕШ-д бэлдэж эхэлсэн цагаасаа хойш сэтгэлзүйгээ сайтар бэлдсэн. Тийм ч учраас яг шалгалтдаа орохдоо сандрал багатай, сэтгэлзүй тогтвортой байсан. Мөн шалгалтаа өгөхөөсөө өмнө өөрөө өөртэйгөө сайн ярилцсан. "Сарангуа ямар ч асуулт ирсэн чи бүгдийг нь хийж чадна. Амархан ч бай хэцүү ч бай хамаагүй өөртөө битгий бард" гэх мэтээр өөрийгөө нэлээн сайн дарж, төвлөрөхдөө анхаарч байсан. Бараг л миний өгсөн шалгалтууд дундаас хамгийн бага сандралтай шалгалт байсан гэж хэлж болох юм.
-Одоо аль сургуулийг сонгож, ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна. Хүүхэд байхаасаа мөрөөдсөн үү, эсвэл?
-Эмч хүнийг эмчилдэг шиг нийгмийг эмчилдэг хүн бол хуульч, өмгөөлөгч байдаг. Тэр ч утгаараа би хуульч болно гэж багаасаа мөрөөдөж байсан. Хүн өөрийнхөө юу хийж чадах вэ, юу хийж чадахгүй вэ гэдгээ мэддэг шиг би ч мөн адил хуулийн салбарт илүү сонирхолтой байгаагаа бас чадна гэдгээ мэдэрдэг. Харин суралцахыг хүсэж байгаа сургууль маань МУИС-ийн Хуулийн сургууль. Энэ сургуульд л суралцахыг хүсэж байна.
-Ээж, аавынх нь хувьд хэр дэмждэг вэ, бас мэргэжил сонголтынх нь талаар хэрхэн ярилцаж, зөвшилцдөг вэ?
-Мэдээж ээж, аав хоёр маань намайг цаг ямагт бүх талаар дэмждэг. Миний ард бат зогсдог. Анх гэр бүлийнхэндээ хуульч болмоор байна. Хуулиар суралцмаар байна гэдгээ хэлэхэд маш уриалгахнаар хүлээж авсан. Тэгээд ээж, аав хоёр маань надад "Миний охин ямар ч мэргэжилтэй болсон, ямар ч ажилтай байсан түүнээсээ таашаал авч, аз жаргал мэдэрч байвал дуртай зүйлээ хийж байна гэсэн үг. Тэр бол бид хоёрын хувьд аз жаргал, охиноо бүх талаар нь дэмжиж байгаа нэг хэлбэр" гэж хэлсэн.
Гэхдээ зарим эцэг эхчүүдийн хувьд ийм биш байдаг шүү дээ. Хүүхдийнхээ дургүй мэргэжлийг санал болгодог, бүр тулгадаг. Тэр үйлдэл надад их таагүй санагддаг.
-Чиний хувьд ямар хоббитой вэ? (Хоббигоо илүү хөгжүүлье гэж бодож байна уу?
-Би өөрөө спортод их сонирхолтой. Ялангуяа сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Ер нь бол багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо ч мөн тийм. Тийм учраас өөрийгөө илүү их дайчилж, хоббигоо илүү их хөгжүүлье гэж бодож байгаа. Цаашдын маань амьдрал ч их хэрэгтэй. Яагаад гэвэл би их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарлаа гэхэд спортын зэргийг нь бас хэр их мэрийлттэй байгааг нь харж авдаг болсон юм шиг санагдсан.
-Удахгүй оюутан болох гэж байна. Айж байна уу, ямар мэдрэмж төрж байна?
-Оюутны амьдрал бол 10 жилээ дөнгөж төгсөж байгаа бидний хувьд давах ёстой хоёр дахь даваа маань гэж хэлж болно. Шинэ амьдралын эхлэл, анхны алхам. Тиймээс маш их айдастай байна. Нөгөө талаараа догдолж байна. Бас битүүхэндээ ямар амьдрал хүлээж байгааг бас угтаж авахыг мэдмээр санагдаж байгаа.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Монгол Улсдаа хуулийн чиглэлээр суралцаад тэр хугацаандаа гадаад явах бэлтгэлээ хийнэ гэж бодож байгаа. Гадаад хэлээ сайжруулж, IELTS-ийн оноогоо дээшлүүлж улам илүү хичээнэ гэж төлөвлөж байна. Бас гадаадад магистр хамгаалж, эх орондоо сайн боловсон хүчин болно гэж мөрөөддөг. Ерөнхийдөө товчоор хэлбэл цаашдаа суралцсаар л байх болно.
-Дараа дараачийн жилүүдэд ЭЕШ өгөх дүү нартаа бас тэдний эцэг, эхэд хандаж зөвлөгөө өгвөл?
-Дүү нартаа хандаж хэлэхэд ЭЕШ бол та бүгдийн хамгийн эхний шалгуур. Ирээдүйд хэн болох, ямар хүн болохыг тань илэрхийлэх суурь нь. Гэхдээ ЭЕШ-д бэлдэж байна гээд өөрсдийгөө битгий их ядраагаарай, битгий их дарамт өгөөрэй. Хамгийн гол нь сэтгэлзүйгээ сайн бэлдээд ЭЕШ-дээ бэлдээрэй. Хэрэв сэтгэлзүйгээ сайн бэлдвэл ЭЕШ-д бэлдэх, ЭЕШ өгөхөд илүү хялбар болдог юм шиг санагдсан.
Харин эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ хүссэн мэргэжлээ сонгоход нь туслаарай. Урмын үг хэлж, үргэлж дэмжиж байгаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Сарангуа: ЭЕШ-д 800 оноо авсан гэж зүүдэлж байна гэж өөрийгөө бодсон