Улаан хөшиг, алга ташилт л алга, гэхдээ ЯАГААД....
Энгийн үед энэ тайзан дээр уран сайханчид хоёр тийш холхиж, урлаг соёлын үзүүлбэрээ бэлтгэж, тоглолтдоо бэлтгэнэ. Харин сүүлийн 46 хоног энэ тайз шүүхийн индэр болж, үзэгчдийн "улаан" суудлыг шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорууд дүүргэв. Яагаад гэх асуултын хариу нь энэ. Танхим дүүрэн "үзэгчтэй" эхэлсэн шүүх хурлыг 46 хоногийн дараа харахад суудлын тэн хагас л эзэнтэй байх аж. Харин танхимын "улаан" суудлын эзэд шүүгдэгч гэсэн индэрийн ард зогсоод нулимстай, бухимдалтай, шүүмжлэлтэй, харамсалтай цуг шүүгчид хандан өөрсдийн байр сууриа ийн илэрхийлж байна.
ШҮҮГДЭГЧ: "Өгдөг юмыг нь өгөөд ч гэсэн зээл авч төслөө явуулья" гэсэн ганцхан үйлдэлд дөрвөн хэрэг үүсээд шүүгдээд сууж байгаадаа сэтгэл эмзэглэж сууна
Шүүгдэгч Б.Батбаатар "Намайг дөрвөн үйлдэлд яллаж байгаа. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэрэгт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гэвч намайг нийтийн албан тушаалтан хэмээн үзэж хүндрүүлж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг миний өмгөөлөгч хууль зүйн хүрээнд бүрэн тайлбарласан. Миний бие мөнгө угаасан гэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй...
...Хоёр сарын хугацаанд шүүх хуралд суугаад их зүйлийг эргэцүүллээ. Эргээд харахаар насаараа санаж бодсон төслөө санаачлаад хийж бүтээх гэж, санхүүжилт босгох гэж 2012 оноос хойш хөөцөлдөөд арга ядахдаа "Өгдөг юмыг нь өгөөд ч гэсэн зээлийг авч төслөө явуулья" гэсэн ганцхан үйлдэл байхад дөрвөн хэрэг үүсээд хэрэгт шүүгдээд сууж байгаадаа сэтгэл эмзэглэж сууна..." гэх "өмнөтгөл" хийгээд санхүүжилт авсан зээлийг яагаад хэрэгжүүлэх болсон талаараа ярьсан юм.
-ШҮҮГДЭГЧ: Би чинь хэтэрхий ариун цагаан амьтан...-
Шүүгдэгч н.Батцэцэг "...Социализмын бүтээгдэхүүн. Болор шүр хэмээн компанитай холбогдсон түүх нь, миний хамтран зүтгэгч талийгаач хоёр залуу маань хэзээ болтол барилгаар явах вэ, уул уурхай руу орж үзье гэсэн. Би дэмжсэн. Ингээд л нэг өдөр зээл бүтсэн гэж ярьсан. Эхлээд дөрвөн тэрбум ярьж байснаа хоёр тэрбум болсон. Тэгээд намайг Болор шүр компанийн захиралтай танилцуулаад үл хөдлөх хөрөнгө барьцаалаач гэсэн. Тэгэхээр нь би үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад дэмжсэн.
...Миний аав алдартай прокурор хүн байсан. Миний аавын зургийг харчихаад та чинь ..прокурорын охин юм уу гэж асууж байсан. Бид нарт тийм хүмүүжил байхгүй. Би чинь хэтэрхий ариун цагаан амьтан байхгүй юу. Юунд ч оролцдоггүй. Хэл амтай хүн бол надаас айхаар. Зээл дампуурсан. Уурхайн захирал хийж байсан залуу Жи класстай залууд дайруулж нас барсан. дараа нь миний хүү цуг харваж өнгөрсөн. Энэ зээл дээр би л үлдсэн. Би энэ зээлийг төлөх гэж зөндөө явсан. Төртэй холбоотой банк гэдэг чинь асуудалтай юм билээ. Шүүгч үүнийгээ ойлгох хэрэгтэй" гэв.
-ФОРТУНА: Бүгдээрээ бараг нэг ангийнхан болчихлоо...-
Шүүгдэгч Н.Батбаяр /Фортуна/ "Надад хийсэн хэрэг байхгүй. Харин хийсэн ажил бий. Хөгжлийн банкнаас хувьдаа сохор зоос ч аваагүй. Харин би Монголдоо, Хөгжлийн банкандаа гадаадаас урт хугацаатай мөнгө авч ирсэн хүн. Үүнийг хоногийн шүүх хурал харууллаа. Намайг бондын мөнгө идсэн гэж олон жил цоллосон. Тэгвэл энэ шүүх хурал тийм зүйл байхгүй гэдгийг нотоллоо. Учир нь шүүх хурал дээр улсын яллагч нар намайг хувьдаа мөнгө авсан гэж ганц ч удаа дуугараагүй. Би юу ч аваагүй юм чинь юугаа ярихав. Нэрээ цээрлэж авсандаа баяртай байна..." гэлээ. Тэрбээр ярианыхаа төгсгөлд "Бүгдээрээ бараг нэг ангийнхан болчихсон тийм ээ" гээд "70,80 хүнийг зэрэгцүүлж хуралдуулна гэдэг бол энд байгаа бүх хүнийг шийтгэж байгаа хэрэг" гэсэн юм.
-ШҮҮГДЭГЧ: Миний дотуур байрны төлбөрийг төлж, сар бүр стипенд өгдөг байсан Петровис компанид баярладаг...-
Шүүгдэгч н.Эрдэнэбилэг "Би ямар нэгэн хууль бус буруутай үйлдэл хийгээгүй. Маш их сандардаг юм байна. Би олон зүйлийг мэдэж авлаа. Надад Хөгжлийн банкгны удирдлагууд, гүйцэтгэх албан тушаалтнуудаас танил хамаарал бүхий хүн байхгүй. Тэр тусмаа ТУЗ-ийн нэг ч гишүүнийг танихгүй" хэмээн яриагаа үргэлжлүүлэх зууртаа нулимс унагав. Тэр үргэлжлүүлэн "Энэ завшааныг ашиглаад" гээд талархал ч илэрхийлэв. "Энэ завшааныг ашиглаад надад их сургуульд боломжийг олгосон Монголын томоохон компаниудад би талархсанаа илэрхийлсэн нь зүйтэй байх гэж бодож байна. Би Хаан банк гэх буянтай байгууллагын буянаар их сургуульд орсон. Миний төгсөх хүртэлх бүх төлбөрийг Хаан банкнаас хийж өгсөнд би баярладаг. Миний дотуур байрны төлбөрийг төлж, сар бүр стипенд өгдөг байсан Петровис компанид баярладаг. Монголын андууд ТББ миний хоёр дахь сургуулийн төлбөрийг төлсөнд баярласнаа илэрхийлье" гэв.
-Ц.УУГАНБАЯР: Намайг улс төрийн сэдэв болгож, арван жил гүтгэсэн...-
Шүүгдэгч Ц.Ууганбаяр "БНХАУ-ын экспорт, импортын банктай холбогдсон цагаас эхлэн намайг гүтгэж, улс төрийн ярианы сэдэв болгож, өмнө ажиллаж байсан ажилтай холбож улс төрч хүмүүстэй холбож намайг арван жил гүтгэсэн. Гэвч үнэн тод байдгийн жишгээр бодит байдал удахгүй тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Би ТОСК-ын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн" гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн "Би энэ зааланд орж ирэхээрээ 60 тэрбумын өртэй болоод өмгөөлөгч нартай цуг цайны өрөөнд орохоор 50 тэрбумын авлагатай болчихоод байгаа. Уг нь хууль нэг л агуулгаар хэрэгжих ёстой гэж би харж байна" гэсэн юм.
-ЗУРАГЛАЛ: БИД БУРУУГҮЙ, ЦАГААТГА-
Шүүгдэгчийн эцсийн үг шүүх танхимаас шүүгч рүү "Би, бид буруугүй. Цагаатга" гэж орилох мэт. 46 дахь өдрийн шүүх хурлын зураглал товчхондоо ийм. Чуулгын танхимын улаан суудлын 46 өдрийн "эзэд" гэм буруутай эсэхийг шүүх тун удахгүй гаргах шийдвэрээрээ олон нийтэд харуулна байх. Шүүгч хэзээ алхаа цохих вэ гэдгийг шүүгдэгчид, улсын яллагч, өмгөөлөгчид хүлээж байна. Шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилнэ...