"Монгол Улсын эрүүгийн бодлого: Эдүгээгийн байдал, шийдвэрлэвэл зохих асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ үеэр Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Монгол Улсын орчин цагийн Эрүүгийн хуулийн эхлэл нь одоогоос 100-аад жилийн өмнө буюу 1926 онд батлагдаж байсан. Энэ хугацаанд 10-30 жилийн давтамжтай шинэчлэгдэж байсан. Яагаад шинэчлэгддэг вэ гэхээр тухайн нийгмийн хөгжлийн хурдацтай уялдаж, эрүүгийн хууль тогтоомжоор нийгмийн тодорхой эд эс, харилцаанд оролцогчийг тогтоодог. Өөрөөр хэлбэл эрүүгийн хууль нь бидний амьдрах үндсэн хамгаалалтын баримт бичиг юм.
Хамгийн сүүлд 2015 онд Эрүүгийн хууль батлагдаж, 2017 онд томоохон нэмэлт өөрчлөлт орж, долоодугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд хэрэгжилтийн үр нөлөөнд яамнаас хэд хэдэн удаа судалгааг хийсэн. Ялын бодлогын хувьд эерэг сайн үр дүнтэй байгаа гэх үр дүн гарсан. Үүний зэрэгцээ шинэ обьектуудыг хамгаалах шаардлага гарч байна. Тухайлбал, виртуал хөрөнгөөс шалтгаалж үүссэн хохирлыг заалтууд дээр нарийн тусгаж, үг, үсэг бүрээр нь тодорхой болгох.
Мөн санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа энэ үед өөр хоорондоо үгсэн тохирч, хуйвалдаан хийж, үнэ ханшид өөрчлөлт оруулах, дотоод мэдээллээ задруулж, өөртөө давуу байдал бий болгох гэх мэт өдөр тутамд шинэ өөрчлөлтүүд гарч байна. Тиймээс бид энэ бүхнийг Эрүүгийн хуульд тусгах эсэх талаар өнөөдөр хэлэлцэж байна. Мөн иргэд эрүүдэн шүүх талаар олон сэтгэгдэл хэлж байна. Эрүүдэн шүүвэл ял онооно гэх заалт Эрүүгийн хуульд бий. Харин ялын бодлогыг хэрхэн яаж чангатгах вэ гэдгийг ярих чухал. Тиймээс хуулийн нэмэлт өөрчлөлт болоод, ялын заалтуудыг тодорхой болгох, нарийвчлах талаар эрдэмтэн судлаач болон тал талын төлөөлөлтэй хэлэлцэх нь зүйтэй.
Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд бүгдийг хүчиндэх гэмт хэрэг гэж үзнэ. Хүчиндэх гэмт хэрэг 20 жилийн ялтай. Мөн түүнээс дээш, бүх насаар нь хорих ял өгч байгаа. Энэ бол хөнгөн ял шийтгэл биш" гэлээ.