Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний мэдээлэл технологийн мэдлэг, ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Мэдээлэл технологийн сорил 2023” тэмцээнийг Монгол Улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн тэмцээнийг 2023 оны 06 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд “Мэдээлэл технологийн үндэсний парк”-д зохион байгуулж байна.
Тус тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээлэл технологийн үндэсний парк хамран зохион байгуулж байгаа бөгөөд 9 аймаг, 6 дүүргийн 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд оролцож байна. Тэмцээнд амжилттай оролцсон 10 оролцогчид Ази номхон далайн бүс нутгуудын дунд зохион байгуулагдах Олон улсын “GLOBAL IT CHALLENGE” тэмцээний 1-р шатанд онлайн хэлбэрээр оролцох бөгөөд шалгарсан 4 оролцогч БНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах эцсийн шалгаруулалтын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
НҮБ-аас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д мэдээлэл, харилцаа холбооны технологи нь нийтэд нээлттэй үйлчлэх буюу хүртээмжтэй байх явдлыг хангахад чиглэгдсэн зохих арга хэмжээг авна гэж заасан байдаг. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын мэдээллийн технологийн чадавхыг бэхжүүлэх, тэдний нийгмийн дэвшлийн үндэс суурийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дижитал хүртээмжийн талаарх мэдлэгийг дээшлүүлж тэдний ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд хийгдэж байгаа гол арга хэмжээний нэг юм.