Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өчигдөр үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж байна. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна. Өчигдрөөс сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.
Ингэснээр цагт 30мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх есдүгээр сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлж байгаа аж. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан хэллээ.
Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв.