Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүүхдийн тоглоомын талбайд “нүд хуурсан“ хамгаалалт хийсэн “Энхбагана констракшн” ХХК-ийн барилгаас 34 настай ажилтан УНАЖ БЭРТЖЭЭ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 23 секунд

Урин дулааны цаг ирж, хүүхэд багачуудын хичээл сургуулийн амралт ч эхлээд байна. Гэвч нийслэл Улаанбаатар хотод энэ үед хүүхдүүд тоглож наадах тоглоомын талбайн асуудал толгой өвтгөм асуудлуудын тэргүүн эгнээнд бичигдэж ирсэн. Гэтэл саяхан цахим орчинд хүүхдийн тоглоомын талбайн хэсгийг дайруулан барилга барьж, тэр ч бүү хэл тоглоом байрласан хэсгийн дээд талд "нүд хуурсан" хамгаалалт босгосон дүр зураг олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан юм. Тэгвэл бид тус тоглоомын талбайн бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Биднийг очиход СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг Багана” байрны хүүхдийн тоглоомын талбайн хажууд 9 давхар барилга барьж байсан бөгөөд хүүхэд тоглох боломжгүй, тоглоомууд нь тоосонд дарагдсанаас гадна аюулгүй байдал хангаагүй, дээрээс юм унах төдийд нурж магадгүй нөхцөл байдал угтлаа. "Нүд хуурсан" хамгаалалт гэж хэлж болох юм.

Уг барилга нь “Төгс Ялгуун-2 гоо зүй, оффис үйлчилгээний зориулалттай эмнэлгийн барилга аж. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Энхбагана констракшн” ХХК шалгарч, өнгөрсөн оны намраас эхлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

-ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ: Аюулгүй байдлыг хангасан-

Гүйцэтгэгч байгууллагын зүгээс тоглоомын талбайн аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэх тал дээр "Аюулгүй байдлыг хангаж паниар, төмөр, тор зэргээр дээвэр хийж хамгаалсан" гэх тайлбарыг өгсөн юм. Ташрамд дурдахад, тухайн барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь энэ жилийн долоодугаар сарын 21-нд дуусна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн хугацаа дуусахад сар гаруйн хугацаа үлдсэн гэсэн үг. Гэтэл барилгын ажил үргэлжилж байгаа ч зөвшөөрөл дуусахаас өмнө дуусчихана гэх дүр зураг харагдсангүй.

Тэгвэл зөвшөөрлийн хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгэхгүй тохиолдолд цаашид хэрхэх талаар тодруулахад "Барилгын ажил аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Зөвшөөрлийн хугацаа дуусах үед сунгаж ажиллана" гэж тайлбарлалаа.

-Барилга дээр ажиллаж байсан 34 настай эрэгтэй унаж бэртсэн тул барилгын ажлыг зогсоогоод байна-

Энд дурдагдаж буй үндсэн асуудал нь хүүхдийн тоглоомын талбайн зориулалт бүхий хэсэгт барилгын ажилтай холбогдуулан аюултай нөхцөл байдал үүссэн гэх асуудал. Асуудал үүгээр дууссангүй. Хоёр хоногийн өмнө тус барилгын ажилчин өндрөөс унаж бэртсэн асуудал ч гарчээ. Үүнээс үүдэн барилгын ажил одоогоор түр зогссон байдалтай байна.

Болсон явдлыг тодруулбал, тухайн ажилчин нь 34 настай бөгөөд таван давхрын угсарсан шатнаас унаж гэмтсэн байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 10 цаг 41 минутад ирсэн аж. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулсан байна. Одоогоор гэмтсэн ажилтан эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байгаа юм байна. Харин цагдаагийн байгууллагаас тус асуудалд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэх мэдээллийг өглөө.

Харин бэртсэн хүний тухайд “Энхбагана констракшн” ХХК-ийн зүгээс "Аль нэг талын буруу гэдгийг хэлэх боломжгүй байна" гэлээ.

-Барилгын ажилтай холбогдуулан “Энхбагана констракшн” ХХК-д удаа дараа САНУУЛГА өгч байжээ-

Хүүхдийн аюулгүй байдалд "заналхийлж" буй энэ тохиолдолд холбогдох шат шатны байгууллагуудаас ямар арга хэмжээ авав гэх асуудал үүнээс урган гарч байна. Харин тус хорооны ажилтан ...-ийн зүгээс “Барилгын ажил эхэлснээс хойш стандартын дагуу хашлага, тор татаагүй чанарын шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж буй талаар сануулгыг Нийслэл болон хорооноос тухайн компанид удаа дараа сануулсан" гэдгээс өөрөөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа хэлсэн юм.

-"Барилга баригдаж эхэлснээс хойш хүүхдээ тоглоомын талбайд тоглуулахаа больсон"-

“Түшиг Багана” байрны оршин суугчдийн нийтлэг илэрхийлж буй байр суурь нь тэд хүүхдээ тоглуулах орчингоо алдсан талаарх гомдол. Зарим эцэг, эхчүүдийн зүгээс "Барилга баригдаж эхэлснээс хойш хүүхдээ тоглоомын талбайд тоглуулахаа больсон. Хүүхэд тоглуулах газаргүй, суух сүүдрэвчгүй болсондоо гомдолтой байгаа хэдий ч гомдол гаргаагүй" гэх байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн гомдол гаргах хүсэлтэй байгаа хэдий ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа талаараа оршин суугчид учирлаж байсан юм.

Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.

Б.Дашмаа

М.Янжинлхам

“Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг хасагдсан байсан 9 хувь л гаргана“
“Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг хасагдсан байсан 9 хувь л гаргана“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.