Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Энэ зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон 21 аймаг, есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, хүүхдэд зориулсан хүнс үйлдвэрлэгч зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцлоо.
“Хүүхдийн хоол” үндэсний чуулган өнөөдөр Соёлын төв ордонд боллоо. Чуулганы үндсэн илтгэлүүдийг салбар хариуцсан сайд нар тавьсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол-Боловсролд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж”, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Хүүхдийн хоол-Эрүүл мэнд" сэдвээр чуулганд оролцогчдод мэдээлэл өгч, хүүхдийн хоолны асуудлаар салбар бүрт анхаарч, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогоо танилцуулсан юм.
Энэ үеэр Эрүүүл мэндийн дэд сайд С.Энхболд тавьсан илтгэлтдээ Монгол Улсын Засгийн газраас хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх таван удаагийн судалгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж, судалгааны үр дүнг үндэслэн хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамтыг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч тэжээлийн дутагдал, илүүдэл жин, таргалалт, хоол тэжээлтэй холбоотой халдварт бус өвчин нэгэн дор тохиолдож, эрүүл мэнд, хүний хөгжил, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулсаар байгааг онцлон дурдлаа.
Мөн тэрбээр “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байгаа бол нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой. Тийм учраас Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 29-ний 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна" хэмээлээ.
Мөн хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах, хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.