Тун удахгүй найр наадмын улирал эхлэх нь. Уламжлал ёсоор тэгш ойтой аймаг, сумд баяр наадмын хуваариа гаргаж эхэлжээ. Энэ жил Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгууд 100 жилийн ойтой. Түүнчлэн 46 сумдын тэгш ой тохиох юм. тухайлбал, Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баяр цэнгэл наадам ирэх сард болох бөгөөд таван сумын тэгш ой тохиох юм. Тодруулбал,
- Эрдэнэдалай, 07.19-07.20
- Дэлгэрцогт, 07.20-07.21
- Хулд, 07.22-07.23
- Дэлгэрхангай, 07.24-07.25
- Сайхан-Овоо, 07.26-07.27-нд болох юм.
Баяр наадмын хуваарьтай холбогдуулан сумдын хувьд бэлтгэл ажилдаа орж эхэлжээ. Тэгвэл зарим сумдад зарлагдсан зарим тендерийн мэдээллийг хүргэе.
-Сайхан-Овоо сум 142 сая төгрөгөөр наадмын талбайн сүүдрэвч, сандлыг шинэчилнэ-
Сайхан-Овоо сум тэгш ойгоо ирэх сарын 26-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх билээ. Тэгвэл өнгөрөгч зургаадугаар сарын 2-нд орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээс санүүжүүлэхээр "Наадмын талбайд сүүдрэвч сандлын тоог нэмэгдүүлэх, шинэчлэх" ажлыг 142 сая 461 мянган төгрөгөөр гүйцэтгүүлэхээр нээлттэй тендер зарлажээ. Тендерийн бичиг баримтыг ирэх сарын 3 хүртэл хүлээн авахаар заажээ.
-Дэлгэрхангай сум нийтийн эзэмшлийн талбайг 75 сая төгрөгөөр тохижуулна-
Дундговь аймгийн Дэлгэрхангай сум ирэх сарын 24-25-ны өдрүүдэд ойн баяр наадмаа тэмдэглэх юм. Тус сумын Засаг даргын тамгын газраас тавдугаар сарын 30-нд "Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах" тендерийг нээлттэй зарлажээ. Тендерийн санхүүжих өртөг нь 75 сая төгрөг бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан байна. Тендерийн материалыг зургаадугаар сарын 7 хүртэл хүлээн авах аж.