Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт вакцинжуулалтыг 2023 оны тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдэд хийж эхлээд буй. Учир нь манай хойд хөрш буюу ОХУ-д Улаанбурхан өвчний тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор дархлаажуулалтыг хийж эхэлсэн байна.
Улаанбурхан өвчин нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салс бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралт, цочмог халуурдаг, вирусын гаралтай, хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг өвчин юм. Бүх насныхан тусаж болох эрсдэлтэй хэдий ч бага насны хүүхдүүдэд илүү хурдан хундэрдэг, цаашлаад амь насанд нь аюултай тул ийнхүү бага насны хүүхдүүдэд нэмэлтээр хийж байна. Тус өвчин нь эхний 9-11 хоногтоо нууц үе дээрээ байдаг аж.
Ингээд бид Сүхбаатар дүүргийн 11 хорооны өрхийн эмнэлгийн Их эмч Э. Эрдэнэцэцэгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Улаанбурхан өвчний нэмэлт вакциныг хаана хийлгэж болох вэ?
-Бүх өрхийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа. Дахин вакцин хийж байгаа шалтгаан нь өмнө нь хийсэн тунг сэргээх юм.
-Улаанбурхан өвчний илрэх гол шинж тэмдэг нь юу вэ?
-Тууралт гарч өндөр хэмтэй халуурна. Хоолонд дургүй болж, ядрах шинж тэмдэг илэрнэ. Хүнээс хүнд маш хурдан халварладаг тул урьдчилан сэргийлэх арга нь зөвхөн вакцин юм.
-Хамрагдалт хэр байна вэ?
-Хамрагдалт муу байна. Коронавирусийн халдвараас хойш вакцинжуулалтыг иргэд цочромтгой хүлээж авдаг болсон. Энэ нь өвчлөл, ханиад томуу нэмэгдэж, санхүүгийн хувьд ч өртгийг ихэсгэдэг гэлээ.
Баянзүрх дүүргийн 4 хорооны өрхийн эмнэлгийн дархлаажуулалтын сувилагч Батзулаас цөөн зүйлийг тодруулав.
-Товлолт вакцин хийлгэсэн хүүхэд Улаанбурханы нэмэлт вакцинд хамрагдаж болох уу?
-Товлолт вакциныг хийлгэснээс хойш 30 хоногийн дараа хамрагдах боломжтой. Зургаадугаар сард хамрагдах хүүхдүүд маань товлолт вакциндаа хамрагдахад болно. Энэ вакцин нь өөрөө Улаанбурхан, Гахайн хавдрын вакцин юм.
-Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
-Шинж тэмдэг илрэх нь бага. Ховор тохиолдолд л тарьсан хэсэгт хөндүүрлэх, халуурах шинж тэмдэг илэрдэг. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн вакцинжуулалтанд хамрагдах нь найдвартай арга юм. Тиймээс та бүхэн бага насны хүүхдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалахын тулд вакцинжуулалтандаа хамрагдахыг уриалж байна.
Мөн вакцинжуулалт зургаадугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа ч хамрагдалт бага байгаа учир хугацаа сунгагдах магадлалтай" гэлээ.
Бэлтгэсэн М.Янжинлхам
Б.Дашмаа