Өнгөрөгч долоо хоногт УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.06.02/-ны өдрийн 12.30 цагаас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аар баталсан ҮХӨ-ийн хуулийн төслийг Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.
Хуулийн төслийг хүргүүлсний дараагаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг билээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд ҮХӨ-д хориг тавьбал УИХ хоригийг хэлэлцэнэ. Харин хориг тавилгүйгээр ёсчлон баталсан тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэх юм.