“Том толгойтын романс” киноны жүжигчид болох С.Бишрэлm, О.Эгшиглэнт-Од нар “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд насныхаа нандин дурсамжийг хуваалцлаа
-Ярилцлагаа хүүхэд настай холбоотой асуултаар эхэлье гэж бодлоо. Та хоёрын хувьд хүүхдийн баяраар авч байсан хамгийн гоё бэлэг юу вэ?
-С.Бишрэлт: 2020 оны Хүүхдийн баяраар талбай дээр тоглолт болоход “Хичээл дээр” гэдэг дуугаа анх удаа олон хүмүүс дунд дуулж байсан. Тэр үед хүүхэд болгон аз жаргалтай харагдсан нь миний хувьд том бэлэг болсон. Яагаад гэвэл надад өөрөөсөө илүү хүүхдүүдийн аз жаргалтай байгааг харахад гоё санагддаг.
О.Эгшиглэнт-Од: Багаасаа нөүтбүүктэй болъё гэж боддог байсан. Нөүтбүүкээ хүүхдийн баяраар авхуулаад хичээл орох хүртлээ хадгалж байсан. IT-гийнхан компьютер дээр код бичихийн хажуугаар нөүтбүүк ч юм уу таблет байвал амар байдаг. Тухайн үед нөүтбүүк авчихаад үнэхээр их баярласан.
-Хүүхэд насны тань хамгийн мартагдашгүй дурсамж юу вэ?
-С.Бишрэлт: Бид хоёр саяхан 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-д Монгол улсаа төлөөлж оролцсон. Тус кино наадамд оролцогчид дундаас хамгийн анхны 15 настнууд байсан. Каннын кино наадамд хоёр гэр бүлээрээ аялангаа оролцоод ирсэн нь миний амьдралын мартагдашгүй гоё дурсамжуудын минь нэг байлаа.
О.Эгшиглэнт-Од: Энэ асуултыг сонсоод хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл арван настайдаа анх "Том гурван толгой" киноныхоо нээлтийг хийгээд, өөрийгөө кино театрын том дэлгэцнээс харах мөч санаанд бууж байна. Тухайн үед үнэхээр жаргалтай байсан.
-Өмнө хэлсэнчлэн та хоёрын маань "Каннын кино наадам"-д оролцоод ирсэн шүү дээ. Тухайн үед “Squid Game”-ийн жүжигчидтэй уулзсан байсан. Ямар мэдрэмж төрөв?
-Каннын кино наадмын орой далайн эргийн хажууд улс орон бүрийн үдэшлэг болсон. Солонгосын алдартнууд ирнэ, тэр дундаа "Squid game" киноны жүжигчид ирнэ гэхээр нь Korea night-д ямар ч хамаагүй аргаар оръё гэдгээ багшдаа хэлээд нэг гадаад багштайгаа хамт гурвуулаа орсон. Яг орж байтал "Squid game" киноны гол дүрийн жүжигчин И Жон Жэ ах орж ирсэн. Очоод зургаа даруулах гэж байсан ч бие хамгаалагч нь байгаад болдоггүй юм байна лээ. Бид хоёр хажууд нь очоод зургаа даруулах гээд зогстол өөдөөс олон хүмүүс камерынхаа гэрлийг асаачихсан зураг авах үед үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Дэлхийн хэмжээний жүжигчинтэй зургаа даруулсан болохоор тэр шүү дээ.
-МУГЖ А.Цэгмид эгч маань эмээгийн хайраар бидэнд хүмүүжлийн үг хэлдэг. Түүнд нь их талархдаг-
-Та хоёрын уран бүтээлүүд дундаас “Том толгойтын романс” киноны дараагийн анги хэзээ гарах бол гэдэг асуултыг үзэгчид их асуух байх?
-"Том толгойтын романс" дөрөвдүгээр ангиа “Том аялал” нэртэйгээр гадаадын оронд аялаад хийх гэж байсан ч цар тахлын улмаас хийж чадаагүй учраас “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” киногоо хийсэн. Удахгүй тав дахь кино маань хийгдэх гэж байгаа ч нээлтээ хийх хугацааг нь тодорхой болгоогүй байгаа.
-Монгол кинонуудаа хэр үздэг вэ. Магадгүй энэ найруулагчийн кинонд тоглож үзэх юм сан гэдэг ч юм уу бодол төрдөг үү?
-Манай найруулагч өөрөө мундаг болохоор тэгж бодож байгаагүй ээ. Саяхнаас зөндөө хүмүүстэй хамтарч, өөр өөр найруулагч нартай ажиллаж байна. Өөр өөр найруулагчдаас туршлага хуримтлуулж байгаа.
-Урлагт олон жил ажилласан ахмад жүжигчидтэй нэг кинонд дүр бүтээхэд та хоёрт хэр их зааж зөвлөж байна?
-О.Эгшиглэнт-Од: Ахмад жүжигчидтэй хамтарч ажиллахад маш олон давуу талтай. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг кино урлагт зарцуулсан мундаг хүмүүс болохоор маш олон зүйл дээр зөвлөж, туслалцаа үзүүлдэг. Тиймээс хамт байхад ч гоё санагддаг. Мэдэхгүй зүйлээ асуухад чин сэтгэлээсээ тайлбарлаж өгдөг.
С.Бишрэлт: МУГЖ А.Цэгмид эгч маань эмээгийн хайраар бидэнд хүмүүжлийн үг хэлдэг. Түүнд нь их талархдаг.
-Хамгийн анх нэг хэсгийг 41 удаа авч байсан. Тэр үед яагаад энэ хэсгийг жүжиглэж чадахгүй байна гээд уйлж байсан-
-Ер нь кинонд тоглоод хэр их найзуудтай болдог вэ. Хэцүү зүйл гардаг уу?
-О.Эгшиглэнт-Од: Нэг дор олон хүүхэд тоглодог хэсэг байдаг. Массын хэсэгт тоглосон хүүхдүүдтэй гадуур арга хэмжээнүүд дээр таарахад мэнд устай гоё байдаг. Дотно болсон найзууд зөндөө бий. Урлагийн талаас гэвэл олон ах, эгч нартай танилцдаг. Дараа кинонд тоглоход дахиад таарах үе гарна шүү дээ. Тэр үед ах эгч нараасаа мэдэхгүй юмаа асууж, зөвлөгөө авдаг болохоор амар байдаг.
С.Бишрэлт: Хамгийн анх нэг хэсгийг дөчин нэгэн удаа авч байсан. Тэр үед яагаад энэ хэсгийг жүжиглэж чадахгүй байна гээд уйлж байсан. Тэгэхэд л бага зэрэг хэцүү санагдсан. Гэхдээ өөрсдийнхөө хийхийг хүсдэг зүйлээ хийж байгаа учраас хэцүү санагдаад байдаггүй.
-Монголын жүжигчдийн хэнээс нь үлгэр дуурайлал авдаг вэ?
-С.Бишрэлт: Олон жүжигчдээс үлгэр дуурайдал авдаг. Жишээлбэл, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг эгч байна.
-Мартсанаас та хоёр чинь ахлах ангид орчихсон юм билээ. Ер нь сургуулиа төгсөөд ямар чиглэлээр явъя гэж боддог вэ?
-Бид хоёр "Amjilt cyber" сургуульд суралцдаг. Төгсөөд хоёулаа л гадаадад сурч, давхар мэргэжилтэй хүн болно гэж бодож байгаа. Урлагаа хобби болгож, өөр чиглэлээр сурч үндсэн мэргэжлээ болгоно. Дэлхий рүү гарна гэж бодож байгаа. /инээв/
-Уран бүтээлийг нь асуулгүй өнгөрөөж болохгүй байх. Та хоёрын хувьд одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-О.Эгшиглэнт-Од: Одоогоор бид хоёр “Том хамтлаг” гурав дахь цомгийнхоо ажилдаа ороод ажиллаж байна. Арай өөр уур амьсгал, урсгал жанрын дуунуудаар цомгоо хийж байгаа гэх үү дээ. Түүнчлэн хэд хэдэн кинонд дүр бүтээх гээд яригдаж байгаа. Мөн Солонгос жүжигчидтэй хамтарсан уран бүтээлд тоглох талаар яригдаж байна. Тус кино нь 2025 онд гарах юм.
-Саяхан UB Palace-д анхны бие даасан тоглолтоо хийсэн. Сэтгэгдэл ямар байсан бэ?
-Хамгийн анх киноныхоо нээлтийн араас 3 мянган үзэгчтэй тоглолт хийж байсан. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нд анхны бие даасан шоу концертоо UB Palace-д хоёр удаа танхим дүүрэн үзэгчтэй хийсэн. Хүүхдүүдийг утасны гэрлээ асаагаарай гэхэд бүгд асаагаад дуугаа хамтдаа мэдрэх агшин гоё байсан.
-Хүүхэд насны үерхэл, нөхөрлөлийн талаар юу гэж бодож байна?
-С.Бишрэлт: Миний хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа үерхэнэ гэж бодож байгаа. /инээв/
-О.Эгшиглэнт-Од: Ах нар өсвөр насны үерхэл нандин байдаг гэдэг. Би ч бас тэгж боддог. Өсвөр насандаа нандин үерхэж үзээсэй гэж боддог. /инээв/
-Хүүхдүүд кинонд тоглохдоо өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэдэгт санаа зовоод байдаг. Санаа бодолгүйгээр дүрдээ ороод, зохиолоо уншаарай-
-Та хоёрыг харж урам зориг авдаг хүүхэд багачууд олон байх. Тэдэнд хандаж басхүү жүжигчин болохоор бэлдэж байгаа хүүхдүүдэд хандан зөвлөгөө өгвөл?
-О.Эгшиглэнт-Од: Жүжигчин болъё гэж бодож байгаа хүүхдүүддээ хэлэхэд өөрийгөө сориод үзээрэй. Киноны сонгон шалгаруулалт их зарлагддаг. Тэр болгонд оролцоод өөрийгөө сориод үзээрэй гэж хэлмээр байна. Хүүхдүүд маань өөрийгөө ямар харагдаж байна вэ гэдэгт санаа зовоод байдаг. Тиймэрхүү юм бодохгүй байхыг нүүр хагарна гэж ярьдаг. Өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэж бодолгүйгээр дүрдээ ороод, зохиолоо уншаасай гэж зөвлөгөө өгмөөр байна.
С.Бишрэлт: Бид хоёр Хөгжим бүжгийн коллежид сурдаг байхдаа гэрлүүгээ алхах хүртлээ бичлэг хийх ч юм уу, бусадтай ярилцаж явдаг байсан. Багаасаа л сахилгагүй нүүр нь хагарсан хүүхэд байсан болохоор ичдэггүй байсан. Тийм болохоор өөрөөсөө битгий санаа зовоорой, битгий ичээрэй гэж зөвлөмөөр байна.
-Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн хүн олон байх. Тэдэндээ хандаж үг хэлээч гэвэл та хоёр хэнд үг даймаар байна?
О. Эгшиглэнт-Од: Ямар ч зүйлд амжилт гаргахад гэр бүлийн туслалцаа дэмжлэг байдаг. Гэр бүлийнхнээс гадна талархах хүмүүс гэвэл найруулагч, продьюсер. Одоо бараг нэг гэр бүл шиг болсон. Найруулагч, продьюсерууд анх урлагт хөл тавих замыг нээж өгсөн болохоор маш их баярладаг. Хөгжим бүжигт дааж авсан багш нартаа мөн арыг минь даадаг найз нартаа бас баярладаг.
-Өнөөдөр "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тохиож байна шүү дээ. Баярын мэндчилгээ дэвшүүлбэл?
-Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Том баяр” хөтөлбөр зохион байгуулагдана. Гэр бүлээрээ хүрэлцэн ирж мартагдашгүй, гоё дурсамжийг бүтээгээсэй гэж хүсэж байна. Бүгдэд нь баярын мэнд.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Дашмаа