Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОТОКОЛ: ХБ-ны зорилгоос “ГАЖСАН“ тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барих төслийг 5.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхийг Б.Батбаяр “дэмжсэн“ гэв

Ангилал
Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 57 секунд

Төрд нүүрлэсэн хулгайн асуудлууд ил болж байгаа энэ шуурга дор Хөгжлийн банканд гар дүрсэн этгээдүүдийг тогтоохоор шүүх байгууллага Улаанбаатар чуулгын байранд нэг сар хуралдлаа. Шүүх хурал өнөөдөр ч үргэлжилж буй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж эхлээд ч багагүй хугацаа өнгөрсөн байна. Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэлтнүүд хэрхэн гар бие оролцсон талаарх олон сонирхолтой баримтууд ил болсоор. Тэгвэл өчигдрийн шүүх хурлын "сонин сайхан" -г уншигч танд хүргэе.

-Модун ХХК 5.8 тэрбум төгрөгийн зээлдээ 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалсан-

Улсын яллагч "Модун" ХХК-ийн зээлийн талаарх нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Хөгжлийн банкны эх үүсвэрээр Наран Ухаа бичил хороолол барих төсөлд жилийн 11.59 хувийн хүүтэйгээр 5.8 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг 3.7 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 5.8 тэрбум төгрөгийн зээлдээ 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалсан байдаг аж.

-"ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ" гэх дүгнэлт гарсан хэдий ч зээлийг олгосон-

Эрсдлийн удирдлага үнэлгээний газраас тус зээлийг олгоход эрсдэл өндөр гэж үзсэн аж. Тус дүгнэлтэд "Барилгын ажлыг төсөвт өртөг магадлалаар хянагдаагүй, барьцаа хөрөнгийн дутагдалтай, мөнгөн урсгалын тооцооллоор 2018 онд зээл төлөх боломжгүй, барилгын угсралтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, зээлийн зарцуулалтын тайлан тодорхойгүй, зээлийг зориулалтын бусаар ашиглах магадлалтай" гэж тусгажээ.

-МОНГОЛБАНК: Санал дүгнэлтийг үл харгалзан Гүйцэтгэх захирал Б.Батбаяр Модун ХХК-д зээл олгосон нь хууль зөрчсөн-

Модун ХХК нь Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр хүртэл үндсэн зээл, хүүгийн төлбөрөө төлж байсан хэдий ч уг өдрөөс хойш төлбөрийн зөрчил үүссэн. Ингэхдээ зээлийн гэрээний хэрэгжилт 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар хангагдаагүй байна. Мөн хууль зүйн дүгнэлтэд заасан барилгын өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай байсан ч магадлал хийлгээгүй. Иймд энэхүү төсөл нь Хөгжлийн банкны зээлийн шаардлагыг хангаагүй. Гэтэл эл санал дүгнэлтийг үл харгалзан Гүйцэтгэх захирал нь Модун ХХК-д зээл олгосон нь хууль зөрчсөн хэмээн Монголбанк үзсэн талаар улсын яллагч танилцуулсан юм.

-САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ: Зээлийн санхүүжилтээс 200 гаруй сая төгрөгөөр ББСБ дахь зээл хааж, 672 сая төгрөгийн зарлага гарсан боловч бодит худалдан авалт хийгдээгүй байсан-

Модун ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн санхүүжилтээс ДЖ Кредит банк бус санхүүгийн байгууллагад иргэн Д.Батбаяр нь 200 гаруй сая төгрөгийн зээлийг төлсөн аж. Мөн бараа материал худалдан авсан гэх 672 сая төгрөгийн зарцуулалтын баримтыг шалгахад бодит худалдан авалт хийгдээгүй гэх дүгнэлтийг Эрүүгийн цагдаагийн албаны санхүүгийн шинжээч гаргажээ.

-ГЭРЧ: Тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг санхүүжүүлэх нь ХБ-ны дүрэм журамд нийцэхгүй байхад Б.Батбаяр захирал утгагүй зүйл яриад байсан-

Гэрч О.Б-ын мэдүүлгийн хэсгээс улсын яллагч үргэлжлүүлэн уншив. Тэрбээр тухайн үед Хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байх үед Модун ХХК-ийн зээлийг судалжээ. О.Б нь ийнхүү ярьжээ.

ГЭРЧ: Тухайн үед болсон процессыг нарийн сайн санахгүй байна. Энэ төсөл нь Хан-Уул дүүрэгт шинээр баригдах тансаг зэрэглэлийн үнэтэй орон сууц төсөл байсан санагдаж байна. Миний санаж байгаагаар Модун ХХК ХХБ-нд зээлтэй, Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө тухайн зээлээ хаах байдал харагдаж байсан бөгөөд тус зээлийн зорилго нь Хөгжлийн банкны дүрэм чиглэлд хамаарахгүй байсан учраас зээлийн удирдлагын хорооны хурал дээр дэмжихгүй гэсэн байр суурьтай оролцсон. Зорилго зорилт нь хуульд нийцэхгүй гэдэг нь тухайн орон сууц Засгийн газрын гэр хорооллыг орон сууцжуулахад хамаарахгүй байсан.

АСУУЛТ: Модун ХХК-д олгох зээлийг илт дэмжиж байсан хүн бий юу?

ГЭРЧ: Зээлийн удирдлагын хорооны хурал дээр "Модун" ХХК-д олгох зээлийг ярих үед Б.Батбаяр захирал "Байршил сайтай орон сууцны үнийг Хөгжлийн банк бууруулах бодлого баримтлах боломжтой. Зээл олгосны дараагаар орон сууц борлуулах үед нь үнэд хяналт тавьж үнийг бууруулах боломжтой" гэх утгагүй зүйл яриад байсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк өөрийнхөө гаргаж байгаа зээлийг чанаргүй болгох зүйлийг өөрөө хийх гээд байгаа гэсэн үг. Зээлдэгч нь аль болох өндөр дүнгээр зарж байж зээлээ гаргах боломж үүснэ. Тэгэхээр нь тухайн үед Б.Батбаяр захирал зээлийн удирдлагын хороогоор шийдвэрлүүлж дэмжүүлэхийн тулд боломжгүй зүйлийг ярьж байна гэж ойлгосон...

Өнөөдөр шүүх хурал 32 дахь өдрөө үргэлжилнэ...

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул: Шударга өрсөлдөөнийг хангахын тулд ШУДАРГА БУС  зүйлтэй гүнд нь орж ТЭМЦЭНЭ
ШӨХТГ-ын дарга Н.Мандуул: Шударга өрсөлдөөнийг хангахын тулд ШУДАРГА БУС зүйлтэй гүнд нь орж ТЭМЦЭНЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.