Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүх нарт холбогдох хэрэгт АТГ-аас нэмэлт мөрдөн байцаалт хийж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, түүнийг хахуулийн хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Б.Буянцэцэгийг тэнцүүлэхийн тулд Төрийн ажлын албаны сонгон шалгаруулалт хариуцсан референт М.Алтанбаганад хоёр сая төгрөгийн авилга өгсөн хэрэгт буруутгагдсан юм. Түүнчлэн найз Н.Хүрэлбаатартай хамтран “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас таван сая, "Beat shoes" ХХК-ийн захирал Б.Түдэвням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6 сая, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн авилга авсан хэрэгт холбогдсон байдаг.
Тус хэрэгт дээрх хүмүүсээс гадна Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Сугар, О.Энхтуяа нарыг шалгасан бөгөөд “Best shoes” ХХК-д татварын хяналт хийснийхээ дараа Б.Батсүхээр дамжуулан авилга өгөхийг шаардсан хэрэгт буруутгагдсан юм.
Уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан ангиар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасны дагуу АТГ-аас ийнхүү шалгаж дууссан аж.
Эргэн сануулахад, Б.Батсүхийг 2020 оны дөрөвдүгээр сард саатуулж, ажлын байрны өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, 10 мянган ам.доллар болон 65 сая төгрөг хурааж авсан байдаг.
М.Янжинлхам