УДЭТ хэмээх айлын босго давснаас хойш чамгүй олон тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцож, өөрийн чадварлаг уран бүтээлч болохоо баталсаар яваа УДЭТ-ын жүжигчин Б.Асардарьтай ярилцлаа. Түүний хувьд хэдхэн хоногийн дараа "Шөнө дундын бүжиг" жүжгийн Шубирагийн дүрээр үзэгчидтэй уулзах гэж буй билээ.
-УДЭТ энэ хавар "Тоглоомчид", "Ромео Жульетта" гээд хэд хэдэн жүжгүүдийг тавьсан шүү дээ. Жүжгээс жүжиг хооронд нэлээн шахуу хуваарьтай ажиллаж байгаа бололтой?
-УДЭТ маань намар болон хаврын улиралд тоглолт ихтэй, нэлээн завгүй байдаг. Гэхдээ энэ удаад аз таараад ч гэх юм уу ачаалал бага байх үеэр Орфей театрын шинэ уран бүтээлд тун давгүй цагийн зохицуулалтаар бэлтгэлээ хийх боломж бүрдсэн. Шинэ жүжиг дээр ажиллаж эхлээд байна.
-"Шөнө дундын бүжиг" жүжгийн гол дүрээр сонгогдсон юм байна. Дүрийн санал анх хэрхэн ирэв?
-Анх Орфей театрын хамт олноос Шөнө дундын бүжиг жүжгийг сэргээн найруулж тавих гэж байгаа, өөрт чинь уран бүтээлийн санал тавих гэсэн юм аа гэж холбогдсон. Тухайн үед би бодсон л доо. Шөнө дундын бүжиг жүжиг нь Шубира болон Анка гэх хоёр эмэгтэй дүртэй. Аль дүр дээр юм бол гэж бодсон. Шубирагийн дүр гэж хэлэхэд би хувьдаа маш гайхаж хүлээж авсан. Яагаад гэвэл энэ дүрийг өмнө МУГЖ Уранчимэг, СТА жүжигчин Отгонцэцэг эгч нар маань ажиллаж байсан. Тиймээс надад энэ хүмүүс ямар их итгэл хүлээлгэж Шубирагийн дүрийг өгч байгаа юм бол гэж бодогдсон. Гэхдээ надад ийм сайхан боломж ирж байхад даваад ард гарах ёстой юм байна гэж бодсон.
Шубирагийн дүр бол "Шөнө дундын бүжиг" жүжгийг гогцоо дүр гэж хэлж болно. Анка, Хавх, Дудра, Амигогийн дүр бүгд л Шубиратай холбогдож байж жүжиг цааш хөвөрдөг. Жүжгийн амин сүнс болсон дүр л гэсэн үг.
-Сүүлд 2012 онд тавигдсанаас хойш арван жилийн дараа дахин тайзан дээр тоглогдох гэж байгаа жүжиг шүү дээ. Өмнөх тавилтаас юугаараа онцгой гэж та хэлэх вэ?
-Уламжлалт театрын тавилтууд байдаг шүү дээ. Үзэгчид нь урдаас харж суугаад жүжигчид тэдний өөдөөс харж тоглодог. Харин энэ удаагийн "Шөнө дундын бүжиг" жүжиг 360 градуст эргэж тоглоно. Кинонд тоглож байгаа юм шигээр тайзан дээр тоглоно. Энэ нь манай жүжгийг маш сонирхолтой, өвөрмөц тавилттай болгож өгч байгаа. М.Батболд найруулагчийн шинэ тавилтыг эхлээд ойлгохгүй ч юм уу зүйл гарч ирж байсан. Гэхдээ дасгал сургуулилтын явцад харин ч бүр эсрэгээрээ шинэ шийдэл надад бүр ихээр таалагдаж байгаа. Кинонд тоглож байгаа мэтээр тайзан дээр жүжиглэж болдог юм байна шүү дээ гэж бодсон.
-Жүжигчид бүрт ажиллах үзэх юм сан гэж бодсон найруулагч байдаг байх. Таны хувьд өмнө М.Батболд найруулагчтай ажиллах үзэх юм сан гэж бодол байв уу?
-Би их азтай хүн. Их сургуулиа төгсөөд УДЭТ-ын орсноосоо хойш мундаг найруулагч нартай хэдийнэ ажиллаад үзчихсэн байна. М.Батболд найруулагчийн хувьд өмнө "Гэм зэм" жүжгийг тавихдаа надад дүрийн санал тавьж байсан юм. Тухайн үед ажлын хуваариас шалтгаалан оролцож чадаагүй. Гэхдээ харамссан. Учир нь М.Батболд найруулагч ямар байдлаар ажилладаг найруулагч вэ гэдгийг мэдэх сонирхол надад байсан. Болох ёстой зүйл болдог гэдэг шиг "Шөнө дундын бүжиг" жүжгийг Шубирагийн дүр дээр ажиллах байж. М.Батболд найруулагч маш зөөлөн. Хэр барагтай бол хүнийг загинаад байхгүй. Өөрийнхөө хүсээд байгаа зүйлийг жүжигчиндээ маш сайн ойлгуулдаг. Жүжигчдийнхээ санал бодлыг маш сайн сонсоод түүнийг нь хэрхэн яаж хийвэл болох вэ гэдгийг ярилцдаг. Ингэж ажиллах нь надад ч урамтай байгаа.
-Чадна гэж бодсон учраас Шубирагийн дүр дээр ажиллах зөвшөөрлийг өөртөө өгсөн-
-Таны өмнө хэлсэнчлэн чадварлаг хоёр уран бүтээлч өөрийн тань одоо ажиллаж байгаа Шубирагийн дүрийг бүтээжээ. Тэгвэл Б.Асардарь гэдэг жүжигчин Шубираг хэрхэн бүтээх бол гэдэг анхаарал татаж байна?
-Ний нуугүй хэлэхэд, өмнөх хоёр Шубира маань өндөр биетэй хүүхнүүд байсан шүү дээ. Миний хувьд нуруугаар намхан. Тиймээс л анх надад Шубирагийн дүрийн саналыг найруулагч маань тавихад би гайхаж хүлээж авсан юм. Тэр үед найруулагч намайг яагаад Шубирагийн дүр дээр гэж харсан юм бол гэж бодсон. Хүмүүс ч бас бодох л байх. Шубира гэхээр өндөр зэгзгэр хүүхэн л санаанд нь буух байх л даа. Тиймээс найруулагчийн энэ өнцөг л надад таалагдсан. Миний нуруу намхан байж болох ч жүжигчин гэдэг бол миний эзэмшсэн мэргэжил. Би УДЭТ гэх мэргэжлийн тайзан дээр найман жил ажилласан байна. Өөрийнхөө туршлагыг бага гэж бодохгүй байна. Өөрийгөө чадна гэж бодсон учраас энэ дүр дээр ажиллах зөвшөөрлийг өөртөө өгсөн. Хоёрдугаарт, би өөрөө дуулж, бүжиглэх маш сонирхолтой. Түүнийгээ ч чаддаг гэж боддог. Би СУИС-д анх шалгалт өгөхдөө эстрад дуулаач, жүжигчний ангид тэнцсэн юм. Тухайн үедээ жүжигчин болох уу, дуучин болох уу гэж бодож байгаад жүжиглээд дуулж болно шүү дээ гэж бодсон учраас жүжигчний ангид элссэн. Сургуулиа төгсөөд УДЭТ-д ороход төдийлөн мюзикл жүжиг тавигдаагүй. Сүүлд 2022 онд "Миний аав супер баатар" жүжигт шоргоолж хүүгийн дүр дээр ажиллахад л дуулж бүжиглэсэн. Тэр жүжиг дээр л авьяасаа гаргах боломж гарч ирж байсан. Тэрнээс гадна би кабире аль эсвэл драмын жүжигт дуулж бүжиглэх юм сан гэж боддог байсан. Тэр хүслийг маань бурхан тэнгэр сонссон ч юм уу М.Батболд найруулагч надад дүрийн санал тавьж таарсан.
-Дүр дээрээ ажиллаад ирэхээр Шубира өөртэй тань хэр төстэй "хүн" байх юм?
-Магадгүй хөндлөнгийн хүмүүс хараад Б.Асардарь чинь галзуу, эрч хүчтэй шүү дээ гэж хэлж болох юм. Гэхдээ би өөрийгөө гуниглахдаа ямар байдаг вэ, аливаа зүйл тохиолдоход ямар хариу үйлдэл гаргадаг хүн бэ гэдгээ мэднэ. Шубира бид хоёрын гал цогтой байдал төстэй байж болох юм. Нөгөө талаар миний хувьд нэг эхлүүлсэн ажлынхаа ард нь гарч байж санаа амардаг. Зарим үед би яагаад энэ мэргэжлийг сонгосон билээ, дөрвөн жил СУИС-д өглөөнөөс орой хүртэл хар бэлтгэлийн хувцастай бэлтгэл сургуулилт хийгээд явсаны гол зорилго нь жүжигчин гэх мэргэжлийг л эзэмших явдал байсан шүү дээ гэж хүртэл бодно. Түүнийхээ дараа хүсэл мөрөөдлийн минь нэг хэсэг болсон УДЭТ-д жүжигчнээрээ тэнцэж орсон. Тиймээс би өдий хүртэл тууштай явсан учраас цаашдаа тохиолдох ямар ч саад бэрхшээлийг даваад гарна гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, дайчин, аливаа зүйлийг түс тас гэгч нь шийдэж чаддаг энэ байдал маань Шубиратай төстэй юм болов уу гэж харсан. Нөгөө талаасаа би аливаа зүйлд хандахдаа их зөөлөн хүн гэж өөрийгөө боддог. Хүмүүстэй харилцахдаа буулт маань зөөлөн байдаг. Шубирагийн хувьд нэг шийдвэл эргэж хардаггүй, хатуу ч гэх юм уу эмэгтэй шиг харагдсан. Гэхдээ тайзан дээр хэчнээн үзэсгэлэнтэй, гал цогтой, тайзыг эзэгнэсэн, шөнийн клубын хатан хаан ч гэлээ тайзнаас буугаад жинхэнэ амьдрал дээр Шубира бол бусадтай адил эмэгтэй. Хайртай хүнээсээ хайр халамж нэхсэн, найзаасаа өөрийнх нь нууцыг хадгалахыг хүссэн эмэгтэй.
-Хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл бол доромжлол. Шүүмжилж болно. Доромжилж болохгүй-
-Таны хувьд УДЭТ-д багагүй хугацаанд ажиллалаа. Ер нь хатуу үг хэр дааж сурч байна вэ. Шүүмжлэл, магтаал энэ зэрэгцэж л ирнэ биз?
-Жүжигчний мэргэжил хагас цэрэгжилтийн байдалтай байхыг шаарддаг. УДЭТ бол цаг ягштал баримтлах ёстой байдаг. Бидэнд тодорхой цагийн хуваарь байдаггүй. Бид маш их илүү цагаар ажилладаг. Уран бүтээлчдээс маш их сэтгэлийн хат шаарддаг гэх юм уу. Мэргэжилдээ маш их хайртай учраас энэ их ачааллыг даагаад явж байгаа хүмүүс болов уу гэж боддог. Энэ мэргэжлийг би анх сонгохдоо л сөрөг талуудыг нь бодсон байгаа шүү дээ. Олны танил болохын хэрээр сайн, муу дагаж л явна. Хэсэг нь магтаж байхад нөгөө талд шүүмжилнэ. Энэ бол байх ёстой л зүйл. Байнга магтуулна гэвэл ёстой л агаарын юм ярьсан хэрэг болно. Муулж, шүүмжилж болно. Түүнээс хэрэгтэй зүйлийг нь өөртөө тусгаж аваад цааш алхах хэрэгтэй гэж боддог. Харин хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл бол доромжлол. Хүнийг хэн ч доромжлох эрхгүй. Шүүмжилж болно. Доромжилж болохгүй. Сайн, муу хоёр нийлж сав дүүрдэг гэдэг учраас шүүмжлэлийг ч, магтаалыг ч хүлээж авах ёстой гэж боддог.
-Таны хувьд урлаг дотор "амьдарч" яваагийн хувьд ямар зарчим баримталж явдаг вэ?
-СУИС-д элсэнэ гэж бодохоосоо өмнө энэ сургуулийн босгоор нэг ч удаа алхаж үзээгүй. Энэ сургуульд л орно гэж бодох үедээ шалгалт өгөхөөр очиж байсан. Тэр үед сургуулийн маань шал нь хүртэл надад сайхан санагдсан. Би энэ сургуульд тэнцээд ордог л юм бол энэ шалан дээр бүх л хөлс хүчээ шавхаад сайн жүжигчин болохын төлөө сурч мэргэжилдээ үнэнч байна гэж өөртөө амласан. Би өөрийнхөө хүрч чадах оргил хүртэл явах болно гэж бодсон. Сургуулиа төгсөөд УДЭТ-д орсон. Шинэхэн жүжигчид гол дүр олдоно гэж хэцүү. Эхлээд олны хэсгээс л эхэлнэ. Дараагаар нь гол дүрийн шивхчин болдог ч юм уу. Энэ мэтээр бага багаар дүрүүд дээр ажилласаар хөлс хүч хөдөлмөрөө зориулах гол дүрээ авна гэдэг бол маш сайхан зүйл. Аливаа нэг шатыг алгасана гэдэг байж болохгүй зүйл шиг санагддаг. Өөрийнхөө хувьд баримталж явдаг зарчим маань л энэ.
-Гэр бүлийнхнийхээ үзэх тоглолт дээр хамгийн их сандардаг-
-Урлагийн хүнийг дагадаг ч гэх юм уу хүлээн зөвшөөрмөөргүй санагддаг хандлага бий юу. Жишээлбэл, урлагийн хүн гоё сайхан байх ёстой, нийгэмдээ хүлээх үүрэгтэй байх ёстой гэж харах хүмүүс ч бий?
-Хөндлөнгийн хүмүүс манай мэргэжлийг тайзан дээр хэдэн текст цээжилж гараад л хэлчихдэг, амархан гэж харах нь бий. Гэтэл нэг газар очоод урлагийн үзлэг аль эсвэл тоглолт бэлтгэхэд тухайн хүмүүст анхан шатны мэдэгдэхүүнийг нь өгөхөөр ажиллахаар жүжиглэх үнэхээр хэцүү юм байна, цаанаа нарийн учиртай юм байна гэж хэлдэг. Амархан харагдаж байгаа мэргэжил бүхэн хэцүү байдаг. Манай мэргэжил цалин багатай. Ялангуяа төрийн байгууллагад ажиллаж байгаа уран бүтээлчид. Цаг наргүй тэгсэн мөртлөө ар гэрээ хүртэл орхигдуулах нь бий. Бас олны нүдэн дээр ил байдаг гэдэг утгаараа байнга сайн сайхан харагдахыг шаарддаг. Жүжигчин гэчихээд хуучин муу хувцас өмсөөд, тослогтсон үсээ дээш нь шуугаад явж болохгүй юм шиг л хардаг. Гадаад улс оронд ийм байхыг хүлээн зөвшөөрдөг. Харин манай орны нөхцөлд энэ байдлыг бараг л хүлээн зөвшөөрдөггүй. Олны танил хүн байж гоё бай л даа, үсээ гоё янзал, гоё хувцас өмс гэдэг байхгүй юу. Гэтэл төрийн байгууллагын цалингаар амьдарч яваа жүжигчид ийм байна гэдэг хэцүү.
Гэхдээ яагаад ингэн байж мэргэжилдээ үнэнч байна вэ гэдэг түүнээс илүү чухал. Миний өмнө хэлсэнчлэн жүжигчин бол миний хайртай мэргэжил байхгүй юу. Би мэргэжлээ маш зөв сонгосон гэж боддог. Би маш олон хүний ертөнцөөр тайзан дээр амьдарч чаддаг. Нөгөөтэйгүүр хөлс хүч, цаг заваа зориулсан жүжгийг маань хараад бидэнд үзэгчдээс ирүүлж буй алга ташилтыг үгээр хэлэхийн аргагүй. Үзэгчдийн халуун алга ташилтыг сонсохын тулд мэргэжилдээ илүү донтдог. Зөвхөн над руу тусаж буй гэрэл, надад зориулж оёсон хувцас, найруулагчийн шийдэл, тэр тайз гээд л. Энэ бүгдийг би өөрийн биеэр мэдэрч үзэгчдэд хүргэсний дараагаар үзэгчдээс халуун алга ташилт сонсох нь миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл.
-Ер нь үзэгчдээс халуун алга ташилт авахаас илүүтэй аав, ээжээсээ үнэлгээ авна гэдэг их хэцүү биз?
-Миний өдийг хүртэл мэргэжлээрээ тууштай ажиллаад явж байгаагийн ард манай гэр бүл бий. Аав, ээж хоёр маань намайг маш их дэмждэг. Би чинь өглөө гараад л орой гэртээ ордог. Тэр бүр аав ээждээ анхаарал халамж тавиад байж чаддаггүй. Худалч хүнд бараг буудалд амьдардаг хүн шиг л байдаг. Шантрах бүртээ аав, ээждээ хэлэхэд "Миний охин чадна" л гэдэг. Миний хувьд хамгийн их сандардаг үзэгч гэвэл гэр бүлийнхэн. Маш олон үзэгчдэд жүжиглээд үзүүлчихсэн байгаа мөртлөө аав, ээжийн үзэх тоглолт цаанаасаа л өөр байдаг. Тэд намайг хэзээ ч шүүмжлэхгүй л дээ. Гэхдээ яагаад ч юм өөрийн эрхгүй сандраад байдаг. Өмнө айж байсан зүйл бий. Нэг жүжиг дээр хагас нүцгэн тоглох шаардлага гардаг байхгүй юу. Маргааш нь манай аав үзэх болсон. Аавдаа энэ талаараа хэлтэл "Тэр чинь миний охин чи биш шүү дээ. Чиний зүс, биеэр дамжиж гарч байгаа тэр охины дүр шүү дээ. Миний охин битгий санаа зов. Аав нь чамайг ямар ч үед дэмжинэ" гэж хэлж байсан. Тэгэхэд нь миний гэр бүл намайг ямар их дэмждэг вэ гэдгийг илүүтэй мэдэрч байсан.
-Мэргэжлийг тань ойлгох тал дээр ирээдүйн нөхөртөө ч шаардлага тавих уу?
-Ирээдүйд миний хань ижил болох хүн миний мэргэжлийг над шиг хайрладаг байгаасай гэж хүсэж байна. Миний аав, ээж дэмждэг шиг. Гэхдээ нэг их яарахгүй байна. Хүний хань ижил гэдэг маш чухал шүү дээ. Амьдралынхаа цаг хугацааг цугтаа өнгөрөөх учраас өөрт мэдрэгдсэн зөв хүн маань гарч ирэх хүртэл оногдож буй ажлаа сайн хийгээд, өөрийгөө хөгжүүлээд явж байя гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.