ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаагаа зарлалаа.
Энэ үеэр тэрбээр, "Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар хаалттайгаар, хамаарал бүхий хүмүүсээ сургадаг асуудал гарахгүй. Энд гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний нэр байна. Удахгүй сайтад байршина. Мөн гэрээгээр суралцаж төгсөөд ажиллахгүй байгаа 63 хүний нэр ч ил болсон. Гэхдээ эдгээр хүмүүсийг тэтгэлгээр төгсөөд ажиллахгүй байна гэж битгий ойлгоорой. Учир нь өнөөдөр манай агаарын тээврийн салбар хүндрэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор ажлын байрны цомхотгол хийгдсэн. Тиймээс эдгээр төгсөгчид ажлын байр байхгүйгээс хүлээгдэж байгаа юм" хэмээв.
Мөн энэ үеэр сэтгүүлчид дараах асуултыг асуув.
-Өмнө нь 28 сая ам.доллар гэсэн мэдээлэл байна. 16-17 сая орчим долларын зөрүү байна. Ийм зөрүү яагаад үүссэн бэ. Мөн ИНЕГ-ийн дарга нарын өөрсдийнхөө хүүхдүүдийг сургасан бол ямар хариуцлага үүрүүлэх вэ. Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин зэрэг хүмүүс өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ нийтлэг мэргэжлээр сургасан байсан. Тэдний сургасан хүмүүсийг хэрхэх вэ?
-28 сая ам.доллар гэж би зарласан. Гэхдээ мэддээллээ буруу өгсөн байсан. Угтаа бол 11 сая 376 мянган ам.доллар. Төгрөгөөр 28 тэрбум. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг.
Мөн дарга нар журам зөрчсөн байвал хариуцлага тооцно. Улс төрийн хамаарал бүхий хүмүүс сурч болохгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь гэрээнийхээ үүргийг биелүүлээд тухайн салбарт ажиллаж байвал түүнийг хязгаарлах зүйл байхгүй гэж бодож байна.
Түүнээс гадна салбарын бус хүмүүс суралцаж байна гэсэн. Энд иргэний нисэхэд нисгэч, үйлчлэгчдээс бусад санхүү, нягтлан зэрэг хүмүүс ажиллана. Үүнийг бодож сургасан болов уу.
Миний хувьд хариуцлага тооцох ёстой хүмүүстээ хариуцлага тооцно. Хэрэв хууль зөрчсөн журам зөрчсөн бол энэ салбарын сайдын хувьд ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна" гэлээ.