Охин бүрийн мөрөөдөл "мисс" болох. Яг л энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа нэгэн бяцхан охинтой нийслэл хотын төв талбайд таарч, хэсэг хором яриа өрнүүлсэн юм. Хэвлүүхэн яриатай, эелдэг, зөөлөн энэ охиныг Х.Энэрэл гэдэг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Бяцхан мисс" Улсын уралдааны энэ жилийн тэмцээнд анги хамт олон, найз нөхдөө манлайлан оролцож, тэмцээндээ ялах зорилгыг тээсэн бяцхан охин тэмцээнд орсон сэтгэгдлээ бас өөрт таалагдсан зүйлсээ ийнхүү хуваалцлаа.
-Сайн уу. Чамайг хэн гэдэг вэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн уу. Намайг Хатанбаатарын Энэрэл гэдэг. Ээжийг маань Д.Хонгороо гэдэг. Одоо таван настай. Дараа жил сургуульд орно.
-Эгч, ах, дүүтэй юу?
-Байхгүй ээ. Би ганцаараа.
-"Бяцхан мисс-2023" тэмцээнд оролцох ямар санагдаж байна?
-Маш гоё санагдаж байна. Өмнө нь ийм тэмцээнд оролцож байгаагүй болохоор маш сайхан байгаа. Бас хүн бүр баяр хүргэж, амжилт хүсэж байгаа.
-Тэмцээнд ороод хамгийн их таалагдаж байгаа зүйл нь юу вэ?
-Дуулж, бүжиглэх нь хамгийн их таалагдаж байгаа. Гэхдээ би бүжиглэх илүү их дуртай. Дээрээс нь маш олон хөөрхөн найзуудтай болсон. Бид дандаа тоглодог. Энэ нь маш их таалагдаж байгаа. Бас АХА тэмцээн нь маш сонирхолтой санагдсан. Анх удаа мод тарьж үзсэн гээд бүгд маш их таалагдаж байгаа.
-Цэцэрлэгийнхээ мисс болоод энэ тэмцээнд оролцож байна уу. Найзууд нь бас багш нар нь юу гэж хэлсэн бэ?
-Найзууд бас багш нар маань намайг түрүүлээрэй гэж хэлсэн. Бас амжилт хүсье, мундаг шүү гэсэн.
-Бяцхан миссийн тэмцээнд оролцоод ямар амжилт гаргахыг хүсэж байна эгчийн дүү?
-Түрүүлэхийг хүсэж байна. Ээж, аав хоёр маань надад маш их тусалж байгаа. Намайг түрүүлвэл ээж, аав маань надаар бахархана. Бас намайг сайн оролцоорой гэж хэлсэн.
-Тэмцээндээ түрүүлээд юу хийх вэ. Бас шагналынхаа мөнгөөр юу хийе гэж төлөвлөсөн бэ?
-Шагналынхаа мөнгөөр хийх нэг зүйл бодсон байгаа л даа. Гэхдээ хэлж болохгүй ээ.
-Дараа жил нэгдүгээр ангид орох юм байна шүү дээ. Ямар суръя гэж бодож байна?
-Нэгдүгээр ангид ороод онц сурна гэж бодож байгаа. Одоо ч бас онц сурдаг учраас алзахгүй байх.
-Тэгвэл хамт оролцож байгаа хөөрхөн охидууддаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Бүгдэд нь амжилт хүсье, бүгдээрээ чадна гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.