Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.
Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Базархүүгийн Даажамба нь АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Б.Ургамалцэцэг өөрөө дэд сайдаар нь ажиллаж байжээ.
Б.Даажамбын хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ Сангийн яамны Төсвийн бодлогын газарт Нэгдсэн төсвийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Харин түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл, Б.Даажамбын 46 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.