Нийслэл хотын иргэд алхам тутамдаа ямар нэг асуудалтай нүүр тулдаг гэхэд хилсдэхгүй. Угтаа монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч амьдарч буй хотхон хороолол, байр оронд ч олон асуудал үүссэн байдаг. Түүний нэг бол яах аргагүй лифтний бүрэн бүтэн бас аюулгүй байдал.
Сүүлийн үеийн лифтнүүд шинэ учир аюул багатай. Дээр нь цэвэрхэн тохилог. Гэвч олон жилийн өмнө баригдсан хуучин барилгуудын лифтнүүд эвдрэл гэмтэл ихтэйн дээр ашиглалтын хугацаа нь ч дууссан байдаг. Тэр ч утгаараа нийслэлд ирж буй лифттэй холбоотой гомдол мэдээллийн ихэнх нь хуучны, угсармал 9-12 давхар байрнуудынх байдаг аж. Гэвч тэдгээрийг засварлах боломжгүй, сэлбэг хэрэгслийг дахин үйлдвэрлэхээ больсон зэрэг шалтгаанаас болж зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн ч хугацаа нь дууссан лифтнүүд өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд ашиглалтын хугацаа дууссан лифт хэр их байгааг мөн тэдгээр лифтнүүд иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Цахилгаан шат 20-25 жилийн эдэлгээтэй байдаг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байгаа аж. Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.
Бид сурвалжилга хийх явцдаа Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах хуучны угсармал 9 болон 12 давхар байруудаар оров. Хог хаях хоолойтой тул хамар сэн хийтэл үнэр үнэртэхтэй зэрэгцэн товчнууд нь хэдийнээ салаад унасан хуучин лифнүүд ихэнхэд нь байв.
Лифтэнд суух төдийд хоёр тийш үл ялиг дайвалзахын зэрэгцээ зарим үед хяхтнах чимээ сонстоно. Бүр гэрэл нь ч асаж, унтрах нь энүүхэнд аж.
Бид ... хорооны... байрны оршин суугчтай хэсэг хором ярилцахад,
Хөл муутай, лифт гацчихдаг учраас ихэнхдээ гэрээсээ гаралгүй, гэртээ өнждөг
"Манай байр анх баригдахдаа л ийм лифттэй байсан юм билээ. Сонсоход С.Эрдэнэ гуай л хийж байсан гэдэг юм. Одоо манай дөрөвдүгээр орцны лифт ажиллахгүй, гацчихсан байгаа. Бусад орцнуудын лифт ч ажиллахгүй болчихсон сурагтай байсан. Ер нь л энэ хуучны есөн давхруудын лифт муу шүү дээ. Одоо уг нь шинэчилж өгвөл хэрэгтэй л байна.
СӨХ-д байнга ханддаг. СӨХ бараг л тоодоггүй юм. Өөрсдөө энэ байрандаа амьдардаггүй, тансаг тохилог байранд амьдардаг болохоор яаж ч тоох билээ дээ. Уг нь өмнөх СӨХ-ийн дарга маань яг энэ байрандаа амьдардаг, зовлон ойлгодог хөгшин байсан юм. Лифт гэхээр л бараг өөрөөсөө хүртэл мөнгө гаргаад л засдаг байсан юм. Одооны СӨХ-ийн дарга их л хариуцлагагүй л юм шиг байна. Лифт ажиллахгүй болохоор заримдаа гэртээ өнждөг юм. Хөл муутай болохоор хүүхдүүдээ цонхоор хараад л байж байдаг юм. Бараг өөрөө дэлгүүр гарахад ч хэцүү байдаг. Заримдаа бүр 7,8 хоног гацна. Саяхан бас олон хоног гацсан" гэв.
Оршин суугчдын зүгээс СӨХ-доо лифтний чанар, аюулгүй байдлын талаар санал хүсэлт их өгдөг ч төдийлөн анхаардаггүй байна. Тиймээс бид тус байрны "..." СӨХ-оос оршин суугчдын зүгээс хэр их санал хүсэлт ирдэг талаар тодруулахад,
Лифтээ шинэчлэхийг хүсдэг ч төсөв байдаггүй
"Хуучны есөн давхар байр учраас лифт ч олон жил эдлэгдсэн гэсэн үг. Тэр ч утгаараа зарим тохиолдолд лифт гацах, эвдрэл гэмтэл үүсэх тохиолдол гардаг. Тэр дор нь оршин суугчид лифтчин дуудаж, асуудлаа шийдвэрлүүлдэг. Байнга лифт гацаж, нам зогсоод байдаггүй. СӨХ-ийн мөнгө бол оршин суугчдыг амар тайван амьдрахад туслахуйц бүхий л боломжийг хангахад зарцуулагддаг. Үүнд лифт ч бас багтана. Лифтээ шинэчлэхийг хүсдэг ч засварлах төсөв хөрөнгө байдаггүй. Хэрэв оршин суугчдын зүгээс санал хүсэлт их ирвэл хариуцдаг газарт нь хүсэлт тавина" хэмээв.
Тэгвэл СӨХ-д юу, юу хамааралтай байдаг вэ. Үүнд,
- Инженерийн шугам сүлжээ
- Бохирын шугам
- Хог зайлуулах хоолой
- Орцны хонгил
- Үйлчилгээ
- Лифт
- Сав
- Хаалга
- Гэрэлтүүлэг
- Дээвэр, салхивч
- Холбоо дохиолол, камер
- Гадаа зогсоолын хаалт, хашаа, гэрэлтүүлэг зэрэг хамаарна. Ингэхдээ сууц өмчлөгчдийн эрх зүйн орчинд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу эдгээр зүйл нь СӨХ-д хамаарагдах юм.
Тэгвэл лифтийг айл өрхүүд СӨХ-өөрөө дамжуулан шинэчлүүлэх боломжтой юу,
Нийтийн эзэмшлийн барилгын цахилгаан шатыг төр нэг удаа шинэчилнэ
Угтаа бол СӨХ, иргэд, төр хамтран ашиглалтын хугацаа дууссан лифтээ шинэчилж, засварлах боломжтой. Харин хуульд, "Нийтийн эзэмшлийн барилгын цахилгаан шатыг төр нэг удаа шинэчилнэ" гэж заасан байдаг. Уг хуулийг үндэслээд иргэд, аж ахуйн нэгжүүд “Төр л шинэчлэх ёстой” гэсэн ойлголттой байдаг аж. Энэ талаар "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ өмнө нь мэдээлж байсан юм.
Гэвч улсын төсөвт ийм их хэмжээний мөнгө байхгүйн дээр жил ирэх тусам ашиглалтын хугацаа дууссан лифтүүд нэмэгдэнэ гэсэн үг юм. Тийм ч учраас үүнд иргэд болон ААН, СӨХ, барилга барьж ашиглалтад оруулсан компани зэрэг бүх шатандаа анхаарах шаардлагатай.
Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгуулах үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах мэдээллийг өгч байв.
Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулах хэлэлцээнд хүрсэн
Тодруулбал, “Өргөх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, чанар стандартыг мөрдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Зарим лифтний эзэмшигч, ашиглагч байгууллага нь тодорхойгүй, засвар, техник үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй, мэргэжлийн ажилчин байхгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих байдал алдагдаж, энэ асуудлаар гомдол тасардаггүй. Тиймээс НЗДТГ, УБЗАА-наас 1000 орчим лифтийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа” хэмээж байсан юм.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт тэрбээр цахим хуудсаараа дамжуулан,
"Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдын яамны зөвлөх Владимир Папсуев өргөх байгууламжийн дэлхийн стандартын шаардлага хангасан цахилгаан шатыг 30 гаруй улсад нийлүүлдэг тус улсын "Могилевлифтмаш" компанийн Экспорт хариуцсан захирал Михаил Логвинов нартай олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд эхний ээлжинд ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулах хэлэлцээнд хүрлээ.
Эдгээр цахилгаан шатууд нь 1980-аад оны эхээр ашиглалтад орсон угсармал есөн давхар барилгуудын цахилгаан шат бөгөөд ашиглалтын хугацаа дуусаж, шаардлага хангахааргүй болсон. Гэвч үйл ажиллагааг нь зогсоовол оршин суугчид зорчих боломжгүй болох учраас Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-аас сар бүр техникийн үйлчилгээг, жил бүр техникийн магадлалыг хийж байна" хэмээн мэдээлжээ.
Үүнээс үзэхэд хуучны угсармал байруудын лифтийг солих нөхцөл боломж бий болж буйг харж болох юм.
Харин СХД-ийн ... хорооны ... орон сууцанд түр оршин суугчаас лифтний чанар, аюулгүй байдлын талаар тодруулахад,
Заримдаа хүүхдээ тэврээд лифтэнд суухаар доошоо уначих вий гэж айдаг
"Би энэ байранд түр оршин суудаг. Лифт нь хааяа гацдаг юм билээ. Одоогоор СӨХ-тэй эсэх талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч лифт нь гацдаг. Заримдаа хүүхдээ тэврээд явж байхад доошоо уначих вий гэж их айдаг. Яагаад гэвэл лифтэнд суухад л лифт дайвалзаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм. Санаа дагаад тэгдэг юм болов уу сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч энэ хуучин байрнуудын лифтийг шинэчлэх хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй шинэчлэхгүй удсаар байгаад хэн нэгний амь нас эрсдэлд орохыг үгүйсгэхгүй юм" хэмээв.
Бид ашиглалтын хугацаа дууссан лифт иргэдийн амь насанд аюултай эсэх талаар мэргэжлийн байгууллагын инженерээс тодруулахад,
Лифт доошоо шууд унана гэсэн ойлголт байхгүй. Бүх тороос зэрэг тасарвал л лифт доош унана
"Лифт доошоо унасан гэж ярьдаг шүү дээ. Гэтэл энэ нь лифт унасан хэрэг биш юм. Нэг лифт дор хаяж 5-7 тороостой байдаг. Бүх тороос тасарсан тохиолдолд л унана уу гэхээс шууд лифт унаад байх нь тун ховор. Харин ямар үзэгдэл болдог вэ гэхээр хурд ихэсч, тороос алдагдах тохиолдол байдаг. Гэхдээ доошоо унахгүйгээр хурдаа эргүүлэн хамгаалдаг. Үүнийг иргэдийн зүгээс төдийлөн мэддэггүй учраас лифт унасан гэж ойлгоод байдаг юм" хэмээлээ.
Тэгвэл лифтний үнэ ханш ямар байдаг вэ,
Цахилгаан шатны үнийг урьдаас тооцоолох боломжгүй
Цахилгаан шатны үнийг урьдаас тооцоолох боломжгүй ба хэдэн давхар болон хэр хэмжээтэй цахилгаан шат мөн хэр хурдтай байхаас хамаарч үнэ өөр, өөр байдаг байна. Тиймээс цахилгаан шат угсардаг байгууллагуудад шууд хандах хэрэгтэй аж.
Ашиглалтын хугацаа дууссан энэ мэт лифтэнд иргэд айдастай сууж байна. Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэхдээ зарим тохиолдолд та ч өөрөө амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах бүрэн боломжтой юм. Хэн нэгний гарыг харах бус, бас төр засгаас нэхэж, гуйх бус өөр боломж нөхцөл, гарц гаргалгааг эрэлхийлж ч болох. Түүнээс гадна нийслэлийн хэмжээнд ашиглалтын хугацаа нь дууссан олон лифтнүүдийг шинэчлэх ажил удахгүй эхлэх боломжтой талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлсэн нь сайшаалтай хэрэг. Мөн хуулийн заалтад өөрчлөлт оруулж бүгдийг төр засгаас шийдвэрлүүлэхэд анхаарах бус харин лифт хариуцсан эзэн, барилга барьсан компани, СӨХ гэх мэт бүх боломжит хүчин зүйлсээр дамжуулан хариуцлага нэхдэг болох нь зүйн хэрэг.