Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хулгайтай нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй гэсэн генсекийн үг ах нарыг нь хамгийн их ХОХИРООНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 17 секунд

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал сүүлийн үед улс төрийн хүрээнд гал гаргаж эхлэв. ҮХНӨ, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал БЗС-ийн дуулианд дарагдаж сүүлийн хэд хоног намжмал байдалтай болсон.

Товчхондоо БЗС, ҮХНӨ, Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт гурав нэг огтлолцол дээр ирээд буй юм. Хэдийгээр нийгэм талаас харвал улс төрчдийн өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал Боловсролын зээлийн сангаар дамжиж ил болж байгаа нь давуу тал болж байгаа.

Харин улс төрийн өнцгөөс нь харвал эрх баригч нам ужгирсан авлигач, хулгайч, дээрэмчдээсээ салах зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж байгаа гэж харж болохоор юм.

Тодруулбал, бид өмнө нь “БЗС-гаар дамжуулж том зургаараа АН-ын дарга Лу.Гантөмөрийг болон 60, 70-аад оны ах нараа “намнаж байна” гэсэн гарчигтай нийтлэлээрээ уг асуудлыг нийтэлж байсан удаатай.

Өөрөөр хэлбэл БЗС-ийн асуудалд хамгийн их нэр холбогдсон хүмүүсийг харвал Ардчилсан намаас Лу.Гантөмөр, МАН-аас ихэнх нь буюу 60, 70-аад оны ах нар нь байгаа юм. Эдгээр хүмүүс нь улс төрд сүүлийн 15 жилийн турш гол эрх мэдлийг гартаа атгаж ирсэн учраас нэр холбогдохоос ч аргагүй. Тэд үзүүртэй үхэргүй олс олж авна гэж угаасаа байдаггүй. Хаана л эрх ашиг шингээх зай байна, тэнд бүхнээ чихэж явдаг улс.

Тэгвэл ах нарынхаа алдааг ашиглаж залуучууд нь нам дотроо үеэ солих гэж байна. Энэ агуулгаар БЗС ердөө нэг хэсэг нь бөгөөд бусад тусгай сангууд, нүүрсний хулгайн хэрэг гээд асуудлууд араасаа хөврөх нь тодорхой болсон аж.

Яг энэ агуулгаар өнөөдөр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлынхаа үеэр маш ноцтой мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэрбээр 2024 оны сонгуульд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ гэдэг санаагаа илэрхийлэхдээ “2020 онд бид олон нийтийг бухимдуулсан тодорхой асуудлуудад холбогдсон этгээдүүдийн сонгуульд нэр дэвших эрхийг хасаж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Ер нь урьд өмнө нь тийм үзэгдэл Монгол Улсад болж байгаагүй. МАН анх удаа парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хааж байсан. Тэр бол бидний хийсэн бодит ажил. Цаашид парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийхээр зориод явж байгаагийн үндсэн шалтгаан ердөө л энэ. Улс төрд байгаа эрх бүхий албан тушаалтан, эрх мэдэлтэн өөрт болон бусдад ямар нэгэн байдлаар давуу байдал үүсгэдэггүй л байх ёстой” хэмээлээ.

Түүний хэлсэн үгнээс анзаарч харвал 2020 онд үүссэн улс төрчдийн авлига, хулгайн асуудлуудтай уяж жишээ татаж ярьсан нь санамсаргүй тохиолдол биш юм. Тухайн үед асуудалд холбогдож, намын нэр хүндээ унагаасан хүмүүсээ эрх баригч намаас сонгуульд нэр дэвшүүлээгүй үлдээсэн үйлдлээ ирэх оны сонгуульд ч мөн энэ жишгээр нэр дэвшүүлэхгүй байх бодлогыг залуу дарга нар нь барьж ажиллаад эхэлжээ.

Энэ үйл явдал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зэрэг 80-аад оныхны түүчээ болсон залуу удирдлагууд нь нам дотроо үе солих гэж хийж байгаа бодлого гэдэг нь дээрх мэдэгдлээс "үнэртэж" буй юм. Тэгвэл цаашид тусгай сангуудад гар дүрсэн болон, нүүрсний хулгай, авлигын асуудалд холбогдсон намын гишүүд ирэх оны сонгуульд шугам давах эрхгүй болох бололтой. Мэдээж энэ асуудлаас болж далд өрнөж явсан үе хоорондын зодоон эрчимжиж, эрх баригчид дотроо нэг хэсэг л бужигнах шинжтэй байна.

Ах нар нь гараа хумхиж суугаад нүдээ тэс цохиулахгүй л байх. Энэ байдал нь цаашлаад улс төрд ямар ч эргэлтийг бий болгож болох бөгөөд хэрэв МАН-ын 80-аад оны дарга нар ялбал хүмүүсээ жагсаалтад шигтгэж, тойргуудад илгээж УИХ-д өөрсдийн гэсэн багаа оруулж ирээд явна. Эсрэгээрээ ялагдвал Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр огцрох, улс төрөөс "шүүрдүүлэх" эрсдэлтэй гал дундуур орж байна.

Д.Амарбаясгалан: Сангуудтай хууль бусаар нэр холбогдсон хүмүүсийн нэр дэвших эрхтэй нь ярина
Д.Амарбаясгалан: Сангуудтай хууль бусаар нэр холбогдсон хүмүүсийн нэр дэвших эрхтэй нь ярина
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.