Монгол Ардын Намын Долдугаар Бага хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Уг хурлаар МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонголоо.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонх болсон намаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-ын Бага хурлын гишүүд санал нэгтэйгээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүллээ.
Түүнчлэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан ажлаа үргэлжлүүлэн хийхээр болжээ.
Тэрээр хурлын дараа мэдээлэл хийхдээ "МУҮХ-д орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн нь Засгийн газрын гишүүн болох боломжтой байгаа. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулж ажиллана. МАН дараагийн дөрвөн жил төрийн албаны тогтвортой байдлыг хангасан бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага маш их байгаа. Улс төрийн намыг ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй, шударга ажилладаг болгохын төлөө бид энэ ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг дуусгах болоогүй байна. Тийм учраас би Ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана" гэв.
Д.Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн хосолсон мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
2000-2009 онд “Монгол Шуудан ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
2009-2018 онд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн,
2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгч,
2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,
2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн,
2015-2016 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн,
2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,
2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга,
2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилллаж байна.