Өчигдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж гишүүд тангараг өргөн ажилдаа орлоо. Харин энэ өдөр МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийг бухимдуулсан хэд хэдэн үйл явдал болсныг тусгаар тогтнолын ордноос бор шувууд жиргэж байна. Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын гишүүдийг бухимдуулжээ.
Учир нь өчигдрийн 11.00 цагт анхдугаар чуулган хуралдуулах тов гараад байсан ч Ерөнхийлөгч “алга болчихож ээ” хамаг гоё ганган дээрээ тавиад ирсэн гишүүд чуулган эхлэхийг хүлээж байтал гэнэт “чуулган өнөөдөр хуралдахгүй” гэсэн зар түгэж гишүүд ордноос гарч зарим нэг нь ойр хавийн уушийн газруудаар нийлж тухалсан байна.
Гэтэл гэнэт Ерөнхийлөгч одоо УИХ-ын чуулганыг хуралдуулья гэж 12.00 цаг өнгөрч байхад зар тараажээ. Үүнийг МАН-ын гишүүд зориуд биднээр тохуурхаж байна гэж ихэд дурамжхан хүлээж авсан байна. Энэ тухайгаа ч дотроо ярилцаад амжсан байна. Удалгүй анхдугаар чуулган нээхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд өмнөх УИХ-ыг гишүүдийг доромжлох, шинэ гишүүдийг тавлаж басамжлах өнгө аяс давамгайлсанд гишүүд нэлээд ундуйцсан байна.
Удаах шалтгаан нь Сэлэнгэ аймгаас сонгогдож гарсан УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын талаар хэн ч юу ч дугарахгүй, МАН-ын удирдлагуудын зүгээс СЕХ-ноос асуулт асууж тайлбар аваагүйд бухимдах гишүүд цөөнгүй байлаа. Шинэ гишүүд энэ асуудлаар намын дарга, удирдлагуудаас түрүүлж дугарах нь зохимжгүй харин мөр зэрэгцэж танхимд нь сууж байсан сайд нар, намын удирдлагуудаас энэ асуудлаар таг дуугүй байгаад гайхаж бухимдах нь олон байв.
Гурав дахь шалтгаан нь УИХ-ын даргын томилгоотой холбоотой асуудал байв. Тогтвортой байдлыг эрхэмлэж УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилох саналыг гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн гэх боловч гомдолтой, заргатай гишүүд олон байна.
Ханилж дэвшсэн хоёр хүнээ унагааж, аймагтаа ардын намыг өвдөг шороодуулсан хүн намын дарга, нутгийн Ерөнхийлөгчийн кранаар ямар ч саадгүй ороод ирсэнд дотроо шазууртай гаднаа хуурамч мишээлтэй арга буюу дэмжсэн байна. Жирийн нэг гишүүн, сайд биш бүхэл бүтэн УИХ-ын дарга хүн аймагтаа манлайлал үзүүлж чадахгүй байж, УИХ-ыг манлайлж чадах уу? Гэдэг асуудлыг өөр хоорондоо шивэр авир хийж бухимдацгаажээ. Ийнхүү анхдугаар чуулганы эхний өдрөөс л МАН-ын гишүүд дотроо сэм талцаж эхэллээ.