Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗС-гаар дамжуулж том зургаараа АН-ын дарга Лу.Гантөмөрийг болон 60, 70-аад оны ах нараа “намнаж“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 40 секунд

Гэрэл зургийг Mpa.mn

Боловсролын зээлийн сангийн “хэрэг” улстөрчдийг АН, МАН, ХҮН гэж ялгахгүйгээр бүгдийг нь бужигнуулж байна. "Хүүхдүүдийн боломжийг хулгайллаа" гэх сүрхий нэрний ард маш олон улс төр өрнөж, бас нуугдаж байна. Хэдий улс төр өрнөж байгаа ч бид тэдний үнэн төрхийг дахин нэг удаа харж, баримттай нүүр тулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монголд аливаа улс төр зорилгогүй, зохион байгуулалтгүй байх нь ховор. Энэ удаагийн Боловсролын зээлийн сангийн “дэлбэрэлт” ч гэсэн цаанаа хэд хэдэн чухал зорилгыг тээж дэлбэрэв. Товчхондоо, БЗС-гийн асуудал бол олон үзүүртэй, маш ашигтай тусгалтай “пуужин” л гэсэн үг. Энэ бужигнаан Үндсэн хууль, гишүүдийн тоог хүртэл дарж орхилоо шүү.

Тиймээс МАН-ын залуу дарга нар алгаа үрчиж, асуудал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгааж байгаа нь гарцаагүй биз. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн асуудлыг ингэж өндрийг нь авахуулж байгаа нь том зургаараа хоёр үндсэн зорилготой гэж үйл хөдлөлөөс нь дүгнэж болохоор байна.

Эхнийх нь ирэх сонгуулиар гол өрсөлдөгч болох Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн “арьсыг нь хуулах”. Зорилго нь эхнээсээ биелэлээ олж өчигдрөөс эхлээд үндсэн “бай” руугаа ороод эхэллээ. Лу.Гантөмөрийн хүүхдүүд хувийн дансаараа Боловсролын зээлийн сангаас хэрхэн хагас тэрбумыг илүү авсныг дэлгэж орхив. Үүнийхээ араас хүүхдүүдийнх нь сошиалд илүүрхэж буй бичлэгийг гаргаж тавиад ёстой эд бад хийж байна. Удахгүй БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа Боловсролын зээлийн сангаас улстөрчдийн хүүхдүүдийг хэрхэн журам зөрчиж чөлөөлсөн бэ гэдэг агуулгаар түүнийг балбаж эхэлнэ. Ерөнхийдөө нэр цэвэр гэгдээд байсан Лу.Гантөмөрт Боловсролын зээлийн сан гэдэг “баас” нааж, ирэх сонгуулиас өмнө нэр нүүрийг нь шүүрэн шанага болтол нь шүрших учиртай. Нэгэнт л хүүхдэдээ илүү мөнгө олгож, журам зөрчин танил талдаа тохой татаж зээлийг нь тэглэсэн бол шүршүүлэхээс өөр яалтай билээ.

Тэгвэл дараагийн гол агуулга нь МАН доторх үе хоорондын зодоонтой холбоотой. Боловсролын зээлийн сан асуудал болсноос хойш МАН-аас хэн хамгийн их хохирч байгааг сайтар ажиглаарай. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, сайд Л.Энх-Амгалан, гишүүн Х.Баделхан, Н.Энхболд тэргүүтэй 60, 70-аад оныхон бусдаасаа илүү “шархдав”.

Н.Энхбаярын хамаарал бүхий нэр хүртэл гарч ирж олон нийтийг бараг л галзууруулахаас наагуур юм болж байна. Мэдээж үүнийг мэдсэн учраас л 80-аад оны дүү нар нь галаа сайхан өрдөөд байгаа хэрэг. Ирэх сонгуулиар Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн багаа парламентад оруулж ирэхийг зорино. ЗГХЭГ-ын дарга, генсек Д.Амарбаясгалан ч гэсэн өөрийн хүмүүсийг бүр илүү олон болгохыг хичээнэ. Тиймээс л тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж, сонгуулийн тогтолцоо болон гишүүдийг тоог өөрчлөх гэж буй юм. Гэхдээ яг энэ тоо, тогтолцооны өөрчлөлт бол иргэд бидэнд хамгийн их ашигтай гэдгийг санах нь зүйтэй.

Харин үе солихын тухайд гэвэл саяхан Ерөнхий сайд нэгэн уулзалтынхаа үеэр “2024 оны сонгуулийн нэр дэвшилтэд үнэмлэхүй хэмжээний үеийн реформ хийнэ” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нам доторх үеэ сольвол сольсон шиг солино гэсэн үг. Энэ шинэчлэлд хамгийн том тус хүргэх зүйл бол өнөөдрийн Боловсролын зээлийн сан. "Хохирогчид" нь бүгд л муу нэр зүүж, луу дансанд бичигдсэн хойно нэр дэвшүүлэхгүй байхад ард түмэн л алга ташина. Одоо олон нийтийн зүгээс Боловсролын зээлийн сангаас гэр бүлээрээ, өөртөө, ах дүүдээ зээл авч сургасан сурчхаад эргүүлж төлөөгүй гишүүдийг хүлээж авахгүй. Ер нь цаашид шинэ САН дэлбэрэх тоолонд сүүлийн 15 жил эрх мэдэлд хэт ойр байсан ах нар нь л хохирох болно гэдгийг хаа хаанаа ойлгоцгоох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн асуудал зүгээр ч нэг “дэлбэрээгүй”. АН-ын дарга Лу.Гантөмөр, МАН-ын ах нарыг “байранд нь” тавих агуулгатай акц юм. Харин ХҮН нам тэргүүтэй, хууль хүчнийхэн бол дагавар магнайд нь өртөж буй ашигтай тусгалуудын нэг хэсэг юм. Гэхдээ төр ингэж хувцсаа тайлаад түмнийхээ дундуур шалтан гүйх нь түмэн олон бидэнд л ашигтай. Бас үзүүштэй биш гэж үү. Дараа дараагийн хулгай, сангуудын луйварыг улам сайн дэлгээд өгөх хэрэгтэй.

Г.Лхагвадорж

ФОТО: Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа
ФОТО: Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.