Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн нутагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газар гурван иргэн усанд живсэн тухай дуудлагын дагуу эрлийн ажиллагаа дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна.
Тодруулбал, Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газар Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 19:18 цагт Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн буюу нийт 64 хүн эрэн хайх ажиллагаанд оролцож байна.
Эрэн хайх ажиллагаанд 15 автомашин, 2 мотоцикл, 2 моторт завь, 1 хөвөгч завьтай 2-3м-н гүнд хоёр удаагийн шумбалт хийж Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газраас зургадугаар сарын 29-ний 16:00 цагт иргэн М-ийн цогцсыг олж, Баянмөнх сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч, Б.Өлзийбаатарт хүлээлгэж өгсөн байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ.
Зургадугаар сарын 30-ны 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, усанд осолдсон хоёр иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна.