Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавих ажлын хүрээнд зохион байгуулж буй ажлуудаа танилцууллаа.
Хуралд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Захиргаа санхүү, хэлтсийн дарга Г.Мөнхнасан, ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал нар оролцов.
Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллах хүрээнд Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс орон даяар зургадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 08-ны өдрүүдэд Сумын Засаг даргын тамгын газар, Аймаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дээр долоодугаар сарын 09-нд Хурдан морины уралдааны бүртгэлийн талбай дээр тус тус бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэсэн юм. Мөн хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ эрхэм хүндэт уяач та бүхэн Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ.
Эцэг эхчүүд хүүхдийн бүртгэлийг хийлгэхдээ:
- хүүхдийн төрсний гэрчилгээ,
- Хүүхдийн эрүүл гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
- эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл эсвэл уяач эцэг эх, хүүхдийн хооронд байгуулсан гэрээ
- Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан гэрээг авчирна.
Хурдан морины уналдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд уралдаанч хүүхэд нь заавал даатгуулсан байх ёстой бөгөөд уг даатгал нь дан ганц хурдан морины уралдааны үед биш бүтэн 1 жилийн хугацаанд дараах нөхцөлүүдэд нөхөн олговор олгох юм. Үүнд:
Суурь хураамж 100.000 төгрөг, нөхөн олговор 20.0 сая хүртэлх
Дан ганц хурдан морины уралдааны үед бус бүтэн 1 жилийн хугацаанд буюу бусад нөхцөлд гэмтэж бэртсэн үед нөхөн олговор бүрэн олгогдоно.
Нөхөн олговорт аймаг, сум хоорондын тээвэрлэлтийн зардал багтсан.
Одоогийн байдлаар санхүүгийн зохицуулах хорооноос Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан 11 даатгалын компани байгаагаас дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан 4 компани байна.
Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж эцэг эх, асран хамгаалагч болон уяач та бүхэн “Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандартын дагуу хурдан морины уралдааны үед уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх уралдуулах шаардлагатай гэсэн юм.
Б.Жаргалмаа