УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намаас өнөөдөр /2023.05.17/ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хамтарсан мэдээлэл хийлээ
Зөвшилцлийн талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллаж, олон нийтийн саналыг сонссон. Үүний дагуу өчигдөр намын бүлгүүд хуралдаж, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл уулзан, зөвшилцсөний үндсэнд тодорхой шийдвэрүүдийг гаргасан
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нийтийн саналыг сонсож, үзэл бодлыг тусгах зарчмыг баримталж байгаа. УИХ-ын гишүүдийг өнгөрсөн долоо хоногт тойрогт ажиллах үеэр иргэд холимог тогтолцоог байх боломжтой гэж дэмжсэн байна. Тиймээс иргэдийн саналд тулгуурлаж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ мажоритар тогтолцоо буюу тойргийн төлөөллийг давуу байлгах ёстой гэдэгт намууд байр сууриа нэгтгэлээ
Нөгөө талаас иргэдийн зүгээс гишүүдийн тоог 152 байлгахыг дэмжихгүй, тоог бууруулах ёстой гэдэг саналыг илэрхийсэн. Тиймээс намуудын төлөөлөл хэлэлцэж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг дэмжлээ. Ингэхдээ мажоритар буюу, тойргоос сонгогдох гишүүдийн тоо 76, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр 50 гишүүнийг сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ
Мөн Ардчилсан намын зүгээс холимог тогтолцоог 60:40 хувийн харьцаатай байлгах, ХҮН-аас 50:50 байх саналыг ярьж байгаа юм. Ингээд намуудын төлөөлөл парламентын зарчмаар ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр 60:40 хувийн харьцаатай байхыг дэмжих байдлаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлье гэдэгт гурван намын төлөөлөл санал нэгдлээ” гэв