УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН доторх 100 саяын дэнчингийн талаар ноцтой баримтуудыг дэлгэлээ. Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа дараах нийтлэлийг бичжээ.
Би дэнчин төлмөөргүй байна. Ардчилсан Намын даргад зуун саяаас тэрбум төгрөгөөр тогтоогддог дэнчин гээч том алба гувчуурыг төлөхгүйгээр өрсөлдмөөр байна, би.
Зүгээр л намын гишүүн хүн мөрийн хөтөлбөр дэвшүүлээд, замын зардлаа гаргаад, намын хурлууд дээр очоод өрсөлдөе гэвэл надад боломж олдох болов уу? Над шиг хүмүүст ер тийм боломж хэзээ нэгэн цагт гарах болов уу? Манай намын гишүүд гэр гэрээсээ өөрсдөө унаагаа олж суугаад, өөрсдөө замын болон хоолны зардлаа гаргаж ирээд хуралдаа суугаад, өөрсдөө хэнээр ч заалгалгүй саналаа өгч чадах болов уу?
1990 онд болж байлаа. 1992 онд болж байв. 1996 онд бас болж байсаан. Тэр үед Ардчилсан намын, ардчилсан хүчний хүмүүс хэний ч өөдөөс эгц харж, хэлэх үгээ хэлчихдэг мораль өндөртэй, үзэл санааны тэргүүлэгчид байв.
Харин 2000 оноос эхлэн миний харьяалагддаг Монголын Үндэсний Ардчилсан Намаас сонгуульд нэр дэвшигчдэд санхүүгийн болзол тавигдаж, “дэнчин” хэмээх үг улс төрийн санхүүжилтийн нэр томьёо болж анх орж ирсэн юм. 2000 оны УИХ-ын сонгуульд ганцхан суудалтай болтлоо ялагдсан Ардчилсан хүчнүүд нийлж Ардчилсан Намыг байгуулахдаа өмнөх таван намаасаа нэг зүйл өвлөн авсан нь мөнөөх дэнчин байв.
Анх 2000 онд нэр дэвшигчдийг 1-3 сая төгрөгийн дэнчин төлөхийг шаардаж хэрдээ даруухан эхэлж байсан энэ босго 2008 он гэхэд төв намд 20 сая, орон нутгийн намд 30 сая болов. 2012 онд төв намд 50 сая, орон нутгийн намд амандаа орсон тооны хэмжээгээр нь өсөв. Энэ нь 20-50 саяын ханштай байлаа. Харин 2016 онд мөнөөх л 50 саяын дэнчин үргэлжилж байснаа саяын 2020 оны сонгуулиар төв намд 100 саяын анхан шатны дэнчин, 300-400 саяын гэрээ байгуулах үеийн дэнчин, дээр нь 50-80 саяын орон нутгийн дэнчин болж суга өслөө. Намаас ерөнхийлөгчид дэвших бол тэрбум, намын даргад дэвших бол 90 саяаас 500 сая гээд явж өглөө дөө.
Дэнчинг анх нэвтрүүлж байх үед би Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхаа нэг хурал дээр эсэргүүцэж үг хэлтэл манай нэгэн партизан надад,
“Энэ мөнгөний босгыг өндөрсгөхгүй бол хаа хамаагүй хүмүүс намын нэрээр нэр дэвших гээд байна” гэж хэлж билээ. Хаа хамаагүй хүмүүсээс намынхаа “нэр хүндийг” хамгаалж босгож байсан тэрхүү мөнгөний босго нь өнөөдөр тэр партизан бид хоёрыг ч бас улс төрд үүрд оруулахгүйгээр хаажээ.
Дэнчингийн эхний зорилго энэ—Мөнгөгүйг шигшиж тойргийн гадна үлдээх.
Дэнчингийн бохирыг мэдсээр байж би төлөлцөв. 2000, 2008, 2012, 2016 гээд дөрвөн удаа би төлөлцөв. Гурван удаа ялагдаж, нэг удаа ялж үзэв. Миний төлсөн дэнчин намайг сонгуульд унагаалцсаны дараа би юуг хэнд төлөөд байгаагаа гуниглан бодох болов. Үнэндээ 2008 оны сонгууль яг энэ жилийнх шиг томсгосон тойргоор явагдсан бөгөөд тэр үеийн Хөвсгөл аймгийн Ардчилсан Намын хороо намайг 30 саяын дэнчингээ төлөхийг зогсоо зайгүй шаардаж байсан үе. Хамт өрсөлдөж байсан Гүндалай, Сэдваанчиг, Отгонсайхан нар маань дэнчингээ төлөөгүй л байв. Гэвч намайг заавал төл гэнэ.
Ингээд сонгуулийн үеэр шахуулж шаардуулсаар өөрийн кампанит ажлын мөнгөнөөс 30 саяыг аймгийн намдаа тушаалаа. Бараг л маргааш өдөр нь намын байрны өмнөөс 10 гаруй Делика машин нэгэн эрэгтэй нэр дэвшигчийн зургаар чимэглэн арван тийшээ хөдөлж сонгуулийн кампанит ажлын сүүлийн хэдхэн өдрийн сурталчилгааны ганцаарчилсан тоглолтонд гарав. Энэ бол өнөөх миний төлсөн дэнчингийн мөнгөөр хийж буй сурталчилгаа байсан юм.
Дэнчин нь төлсөн эзэндээ зарцуулагддаггүй, харин тухайн үед эрх барьж буй намын удирдлагын “дотны” цөөхөн нэр дэвшигчдэд зарцуулагддаг мөнгө гэдгийг тэр үед гашуунаар ойлгосон билээ.
Ингээд дэнчингээ чадан ядан төлсөн нь тойргийн гадна үлддэг, төлөөгүй зарим нь даргад ойр байж байгаад дэвшчихдэг нам болоод арван хоёр жилийн нүүр үзжээ.
Дэнчингийн хэмжээний тухайд бүр ярихын ч хэрэг алга. Хаанаас, яаж олж ир гэж бодохоороо ийм их мөнгө нэхдэг юм бол гэж өмнөөс нь хичнээн жил яс хавталзав! Энэ яс хавталзуулсан бохир схемээ засахгүй бол манай намын мораль хэзээ ч сэргэхгүйгээр уруудаж байна. Эрчүүдийн удирдаж буй “зангараг” энэ. Мөнгөтэй нь хойморьт, мөнгөгүй нь хатавчинд гэдэг хууль үйлчилсээр манай нам хаанаас гарч ирээд хаашаа явж байгаагаа мартжээ.
Өнөөдөр биднийг залуус голж байна. Бид муухай харагдаж байна. Царай зүс, бие хаагаасаа илүү бид моральгүй болсоноосоо болоод зүгээр л дээрэмчин шиг муухай харагдаж байна. Ийм муухай болгож байгаа зүйл маань бидний санхүүжилтийн буруу схем!
Гэхдээ Ардчилсан намын энэ схем ил тод явагддаг, Ардын намын жаран тэрбумын схем нууц явагддаг. Энэ хоёр нам хоёулаа бохир аргаар санхүүжээд байгаа учраас бидэнд залуус дургүй болжээ.
Гэвч ирээдүйгээс зугатаах боломжгүй. Өндөр моральтай байж л хүлээн зөвшөөрөгдөх тийм мэдлэгтэй, мэдээлэлтэй залуу үе шийдвэр гаргагчид болцгоожээ. Эрх чөлөөтэй төрж өссөн залууст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд улс төрийн бохир санхүүжилтийн схемийг өөрчлөхөөс өөр аргагүй. Эс тэгвэл бидэнд ирээдүй гэж байхгүй, харин өнгөрсөн түүх болон үлдэхэд ойрхон байна.
НАМ ЯАЖ САНХҮҮЖИХ ЮМ БЭ?
Намын санхүүжилт нь хуулиар бол хандив, татвар, өөрийн өмчийн түрээс зэрэг үйл ажиллагаар санхүүждэг. Ардчилсан намын хувьд татварын хэмжээг өндөр тогтоодог нам. Угаас хангалттай өндөр байсан татварыг 2017 онд гишүүдийнхийг 10 дахин, сонгуульт гишүүдийнхийг 3 дахин өсгөсөнд нь би ихэд эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байлаа.
Татвар зайлшгүй ч гэсэн татварын бааз суурь гэдэг зүйлгүйгээр татвар гэдэг утгаа алддаг юм. Бааз суурьгүй татвар бол алба гувчуур, эсхүл дээрэм байдаг. Аливаа татвар нь орлогоос авах хувь хэмжээ л байдаг атал Ардчилсан намын татвар нь ямарваа орлогоос тооцолгүйгээр шууд л сая саяыг төл гэдэг тоо байдаг юм. Харамсалтай нь татварын хэмжээ нь татвар төлөгчийн орлого, чадлаас давсан байхад нам ямар нэг зохицуулалт ер хийдэггүй билээ.
Ийм учраас цаашдаа татварыг орлогоос тооцдог болох нь шударга бөгөөд сонгодог утгаараа татвар болно. Харин ямар татварыг ямар орлогоос тооцох вэ гэдэг нь бодож судлах асуудал.
Намуудын хууль ёсны санхүүжилтийн нэг гол эх үүсвэр бол хандив. Гэхдээ манай Монголд улс төрийн хандив цуглуулах цаг хугацаа, ил тод байдал үнэхээр хоцрогдмол билээ. Цөөхөн хоногт, яаран сандран хандивын хоёр гуравхан уулзалт хийгээд л сонгуульдаа орох цагийн хуваарьтай байдаг бөгөөд энэ хугацаанд мөнгөтэй баян найз нөхөд, хүрээлэлтэй нь тэрбумаар босгож байхад мөнгөгүй найзын хүрээлэлтэй нь маш бага мөнгө босгож амжихаар байдаг.
Намуудын санхүүжилтийн гурав дахь эх үүсвэр бол өмчийн болон үйл ажиллагаанаас олох орлого. Өмч байр сав ихтэй МАН-ын хувьд урсгал зардлыг намын байрныхаа түрээсээр олдог давуу талтай. Өмч хөрөнгө муутай Ардчилсан намын хувьд энэ талын орлогоор МАН-аас илт дутуу. МАН-ын нэг хорооны нэг үүрт байдаг үл хөдлөх хөрөнгө АН-ын дүүрэг, аймгийн хэмжээнд л байдаг. Хөрөнгийн менежмэнтийн мэдлэг, орлогоороо олон жилийн туршлагатай намыг бид гүйцэхэд хол байгаа.
2013 онд Лениний музейг улсын өмчид авах заргыг өрнүүлж шүүх дээр ялж байхдаа МАН-ыг урсгал зардлаар хангаж байсан нэгэн саалийн үнээг нь хураагаад авчихсан байсан юм билээ. Гэвч тэр нам улсын төсвөөр бариулсан олон давхар байшинтай, олон газар үл хөдлөх хөрөнгөтэй тул үнэхээр л бэлэн мөнгөөр тасардаггүй нь харагддаг.
МАН-ын санхүүжилт бол бүүр тусдаа судлууштай асуудал гэж би боддог. 1921 оноос 1990 он хүртэл улсын төсвөөс санхүүжиж байв, энэ нам. Намын гишүүдийнхээ цалингаас 20-30 хувийг шууд суутган авахын зэрэгцээгээр, улсын төсвөөс Төв хорооныхоо бүх зардлыг гаргуулан авдаг, тэр зардал нь бүх яамдын төсвийг нийлүүлснээс их байдаг байсан нь түүх юм. Харин 1990 оноос хойш төрөөс өвлөж авсан байшингийнхаа түрээсээр хэсэг санхүүжиж байгаад дараа нь ил далд албан тушаал худалддаг болсон билээ. Албан тушаалын наймаа нь дээгүүрээ явагддаг байснаа сүүлдээ бүх шатанд орж ирснээр 60 тэрбумын схем нь илчлэгдэж байв.
МАН мөнгөтэй байгаа юм чинь бид мөнгөтэй үзэлцэх ёстой гэсэн моральгүй өрсөлдөөн л манай намыг дэнчин мэтийн муу зүйл рүү анхнаасаа түлхсэн байдаг. Мууг дуурайж “хөлөө хөлдөөсөөр” одоо МАН-тайгаа адилхан моральгүй улс төрийн хүчин гэгдэж, “МАНАН” гэдэг цолыг зүүв, бид. МАНАН-г үнэхээр арилгамаар байгаа бол бид мөнгө хөөхөө л болих хэрэгтэй.
БАГА МӨНГӨӨР УЛС ТӨР ХИЙЖ БОЛОХ УУ?
Сонгуулийн үеэр гардаг хамгийн өндөр зардал бол ухуулагчдын зардал юм. Хоёр зуун сонгогч тутамд нэг ухуулагч ажиллахад өрсөлдөгч намууд ухуулагч нарт өгөх цалингаараа уралддаг. Ухуулагч нар итгэл үнэмшлээрээ ажиллаж байгаа нь ихэнх боловч сонгуулийн материал тараах ажлын хөлс, сонгуульд ялбал өгдөг урамшуулал зэргийн төлөө цэвэр бизнес хийх нь олонтаа. Сайн дурын цалингүй ажилладаг байсан ухуулагч нар 1990-2004 онд л байжээ. Ухуулагч нар мөнгөөр хөдөлдөг болсон 2004 оны сонгуулиас хойш дэнчингийн төлбөр шиг өндөр хурдаар ухуулагч нарт өгдөг мөнгө зардал өссөн байдаг.
2016 онд бие даагч Мөнхтөрийн Нарантуяагийн кампанит ажилд сүүлийн арван жил гарч байгаагүй олон сайн дурынхан ажилласан байдаг. Тэд Нарантуяагаас мөнгө аваагүйгээр барахгүй, сайн дурын шинэ үеийн ухуулагчийн дүр төрхийг гаргаж ирэв. Тэд залуус байлаа. Тэд эрх чөлөөтэй байв. Тэд төлбөргүй байв. Улс төрийг маш хямд өртгөөр хийж, бие даагчид баймгүй олон санал авч чадсанд нь М.Нарантуяад баяр хүргэх ёстой байлаа. Гэтэл хүмүүс үүнийг анзаарах нь бүү хэл түүнийг улс төрд байх ёсгүй хүн мэтээр шүүмжилж байсан юм.
Бага мөнгөөр улс төр хийж болох уу, үгүй юу гэдгийг дарга нар биш ухуулагч нар шийддэг. Бага мөнгөөр улс төр хийж болох уу гэдгийг намын жирийн гишүүд, дэмжигч иргэд л шийддэг. Тэд мөнгө нэхвэл их мөнгөний сонгууль болдог, тэд мөнгөгүй ажиллана гэвэл бага мөнгөний сонгууль болдог. Их мөнгөний сонгууль болбол илүү авилгач гишүүдтэй болдог, бага мөнгөний сонгууль болбол илүү шударга гишүүдтэй болдог. Их мөнгөний сонгуулиар ялж гарч ирсэн 2016 оны МАН-аас нэр дэвшигч УИХ-ын 50 гишүүн ЖДҮ сангаас тэрбумаар нь авч “шархаа” нөхөнгөө маш олон залуусын ажлын байр байгуулах боломжийг хулгайлсан байдаг.
Монголын улс төрд их мөнгөний сонгууль удаа дараалан болсоор байгаа тул улс төрийн мөнгө олох схем нь улам дээрмийн, улам хууль бус, улсаа зарахад ч бэлэн шинжийг олсоор байна.
ДЭНЧИНГҮЙГЭЭР ЯАЖ СОНГУУЛИА САНХҮҮЖИХ ВЭ?
Ардчилсан нам дэнчингүйгээр сонгууль хийдэг байх үедээ ард түмний хайртай нам байлаа. Одууд тодорч гарч ирдэг байлаа. Одуудыгаа намын гишүүд нь эгнээж зогсоож байгаад тодруулдаг байлаа. Одуудыгаа тодруулахын тулд шөнөжин санал хураалт болдог байв. Хуралд ирсэн хүмүүсийн гуравны хоёрын саналыг авах гэж өрсөлдөөн маш ширүүн явагддаг байв. Тэр үед үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл санааны лидерүүдийг гаргаж ирж чаддаг хүчтэй ардчилсан үйл явц өрнөдөг байв, нам дотор.
Ардчилсан Нам дэнчинтэй болсныхоо дараа “надад хэн мөнгө өгөх вэ” гэдэг шалгуур тавьдаг боллоо. Намын гишүүний санал худалдагддаг болов. Намын гишүүний татварыг нэр дэвшигчид бөөнд нь төлөөд оронд нь амыг нь үддэг болов. Намын гишүүд улс төрийн оддыг биш, санхүүжүүлэгчийг сонгодог болов. Ингэж сонгогдсон санхүүжүүлэгч нар улс төрийн том рингэн дээр гарч ирснийхээ дараа эрсдэл гаргаж дуугарах нь цөөхөн болов. Хэний ч өөдөөс зөрчигдөж буй хүний эрх, олонхийн эрх ашгийг өмгөөлж дуугарахгүй “бөлдөгдүүлсэн” шинж төрхтэй байх нь элбэг болов. Учир нь намын гишүүд маань улс төрчдийг биш санхүүжүүлэгч нарыг сонгосон шүү дээ.
Өнөөдөр би үнэхээр дэнчин төлмөөргүй байна! Нам дотроо улс төрийн лидерийг чөлөөтэй өрсөлдүүлэн сонгодог байсан өндөр моральтай өв соёлоо сэргээмээр байна!
Дэнчингүйгээр бид амьдарч чадна. МАН шиг олон байшингүйгээр бид амьдарч бас чадна. Бид татвар авахдаа бүх хүнээс тэгшитгэж олон саяыг авах биш, харин улс төрийн сонгуульд зориулсан зорилтот хуримтлалын данстай байхыг ирээдүйн нэр дэвшигч--горилогч гишүүддээ зөвшөөрч, тэрхүү хөрөнгө босгосон зорилтот хуримтлалаас татвар авдаг байя. Хүний босгосон хөрөнгийг нам руугаа дэнчин болгож бөөнд нь дээрэмдэн авах биш, харин нэр дэвшигчээр батлагдмагцаа өөрөө түүнийгээ сонгуульдаа зарцуулдаг байх эрхийг нээж өгье.
Олон хүний зорилтот хуримтлалын өчүүхэн хувиар нам санхүүжиж даруухан амьдарья. Гар утас, интернэт, харилцаа холбоо, мэдээллийн технологийг эх орондоо авчралцсан нам шүү дээ, бид чинь. Тэрнийгээ ашиглаж смарт удирдлагад шилжие.
Угаасаа ч даруухан, ухаалаг хэрэглээтэй байж чадвал бид иргэддээ илүү ойр байх болно. Ирээдүйдээ ч илүү ойртоно. Иргэддээ хичнээн ойр байна, төдийчинээ бид ирэх жилүүдэд яг юу хийхээ мэдэх болно.
Өнөөдөр манай намын санхүүжилт, дэнчин, зарцуулж буй мөнгө тэнгэрт хадсан тул манай намаас явуулж буй ажил “газарт буухгүй” байгааг бид анзаарахгүй удаж. Зүгээр л даруухан байгаад үзье. Моральтай, ёс зүйтэй байж үзье. Ардчилсан өв соёлтой байж үзье.
Магадгүй бага мөнгөөр амьдардаг хүн намын дарга болж болдог цаг ирэхэд манай нам ард түмнээ жинхэнээсээ төлөөлөх ч юм бил үү.
Ц.Оюунгэрэл