Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулна. Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.
Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.