“УБТЗ” ХНН жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 оны нэгдүгээр сараас шинэ төрлийн тээврийг эхлүүлж, анхны галт тэргээ аялуулсан билээ. Энэ нь, жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэмүү өртөг шингэсэн экспортын бараа болох ноос, өөхөн тос, самар, хивэг, рапс, Монгол гэрийн хэрэгсэл, зэс хавтан, сэлбэг, хөнгөн цагаан эдлэл гэх мэт ачааг чингэлгийн галт тэрэг болгон илгээж буй юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар буюу тавдугаар сарын 12-ны байдлаар дээрх төрлийн чингэлгийн 10 галт тэргийг амжилттай аялуулаад байна.
Монгол Улсаас хоосон буцдаг байсан чингэлгүүдийг ачаатай болгон илгээснээр УБТЗ болон тээвэр зуучлагч аж ахуйн нэгжүүд өөрийн тээврийн орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй жижиг дунд бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдийг эцсийн цэгт хүрэх тээврийн хэрэгслээр дэмжиж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаагаараа чухал онцлогтой.
УБТЗ жил бүр БНХАУ-ын Эрээн өртөөнд хоногт 70-120 хүртэл хоосон чингэлэг ачсан галт тэрэгнүүдийг хүлээлгэж өгдөг. Ингэснээр жилд дунджаар 65-70 мянган чингэлгийг /TEU/ хоосноор тээвэрлэн гаргадаг. Үүнийг дагаад маш их зардал, мөнгө цаг хугацаа зарцуулдаг байв.
Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аараа уул уурхайн бус экспортлогчид буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсан. Тус салбарын нийт экспортод эзлэх хувь бага байгаа ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь их гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Уул уурхайн бус экспорт нэмэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай гарах боломжтойг тэрээр мөн дурдаж байсан юм.
Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааг оновчтой болгох үүднээс шинэ боломжуудыг нээх зорилго тавьж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх уулзалтын үеэр танилцуулж байлаа. Ялангуяа, экспортыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна олон улсын зах зээлд гарч өрсөлдөхүйц үнэтэй байлгахын тулд хямд тээврийн бодлогоор дэмжих зэргээр гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг ашигтай гаргах нь чухал тухай онцолсон.
УБТЗ-ын хэрэгжүүлж буй шинэ төрлийн экспортын чингэлгийн галт тэрэгний тээвэр нь жижиг дунд үйлдвэрлэгч экспортлогчдыг дэмжихээс гадна Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимийн баримтлаж буй бодлого, шийдвэрийг дэмжиж, зах зээлийн чадамжийг дээшлүүлэхэд чухал ажил болно.
Дашрамд дурьдахад, БНХАУ-ын Засгийн газар өөрийн тээвэрлэгч, экспортлогчдоо дэмжиж, чингэлгийн галт тэргээр экспортын бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд нөхөн төлбөр олгож дэмжлэг үзүүлдэг.
Иймд УБТЗ-ын зүгээс Төр, хувийн хэвшил болон төрөл бүрийн мэргэжлийн холбоодыг Монгол Улсаас гарч буй их хэмжээний тээврийн хэрэгсэл болох хоосон чингэлгийг ачаатай болгож илгээхэд анхаарч холбогдох ажлыг зохион байгуулахыг уриалж байна.